АНУ-аас ДИПЛОМТОЙ ИРЭХ БОЛОМЖ манай оюутнуудад нээгдэж байна

Өдрийн сонин www.dailynews.mn                                           Санхүү эдийн засгийн дээд сургуулийн

 №086 (4101) 2012.04.05                                                             захирал Д.Батжаргалтай ярилцлаа.

- Танай сургуулийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэх авахаар болсон гэж сонслоо?

- Манай сургууль Бизнесийн сургууль, боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл гэдэг байгууллагын албан ёсны гишүүн. АНУ-ын Боловсролын яам энэ байгууллагаар магадлан итгэмжлэл хийлгэсэн сургуулийн чанарыг хүлээн зөвшөөрдөг. Чанартай сургуулийн стандартыг боловсруулах, чанарыг батламжлах үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгочихсон. Дэлхийн улс орнуудад 2004 оноос магадлан итгэмжлэл хийжэхэлсэн. Үйл ажиллагаагаа 10 бүс нутагт явуулдаг. Манайх Евро Ази гэсэн бүсэд нь орж байгаа. Америкт гэхэд бизнесийн сургууль хөтөлбөрүүд нь эднийхээр л магадлан итгэмжлэгддэг.
- Чанартай сургуулийн стандарт гэхээр сайн багш, төгсөгчдийн амжилт гээд бидний төсөөлж байгаа шиг зүйлийг шаардаж байна уу, эсвэл огт өөр үнэлгээгээр магадлан итгэмжлэл олгож байна уу?
- Сургуулийн стандарт гэхээр ямар хичээлүүд заадаг, хэн гэдэг багш ямар агуулгаар хичээлээ ордгийг онцолно байх гэсэн бодол хэнд ч төрнө л дөө. Гэтэл энэ байгууллагын дээд боловсролын чанарыг шалгадаг хэмжүүр нь их өвөрмөц. Дээд сургууль гэдэг маш, олон хүний эрх ашгийг хөндсөн, амьдрал, ирээдүйг нь шийдсэн, улс орны хөгжлийн асуудлыг өөртөө агуулсан өвөрмөц байгууллага гэдгийг шалгуураас нь мэдэрсэн. Ажилладаг, сурдаг бүх хүнийхээ оролцоотойгоор сургалтынхаа үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж, хөгжүүлж байдаг механизм хэвшсэн үү, хэвшсэн бол тэр механизм нь байнга идэвхитэй ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг тогтооход чиглэсэн байгууллага.

- Магадлан итгэмжлэлд нь хамрагдахын тулд хэдий хугацаанд бэлдсэн бэ?   
- Энэ байгууллагад элссэнээсээ хойш л магадлан ипэмжлэлд нь хамрагдахын тулд яах ёстойг судалж эхэлсэн. Стандарт нэг бүрийг нь  хэрэгжүүлье гэж сүүлийн дөрвөн жилийнхугацаанд нэлээд ажиллалаа. Энэ оны нэгдүгээр сарын 18-нд Америкт байдаг төв рүү нь 850 хуудас тайлангаа хүргүүлсэн. Манай явуулсан тайланг магадлан итгэмжлэл хийдэг алба нь үзээд "Их сайн тайлан болжээ. Өмнө нь бид ийм олон хуудас тодорхой тайлан хүлээн авч байгаагүй" гэсэн албан ёсны дүгнэлт өгсөн.

-Зөвлөлийн хүмүүс танай сургууль дээр ирж шалгасан уу?
-Энэ байгууллагын шинжээчид гуравдугаар сарын 10-14-ний хооронд манай сургууль дээр ирж ажилласан. Саяхан албан ёсных нь дүгнэлтийг хүлээж авлаа. "Өндөр мэргэшсэн туршлагатай багш нарын тоог нэмэгдүүлэхэд анхаараарай. Сүүлийн үеийн мэдээлэл бүхий номын сангийн үйлчилгээг дэлхийн түвшинд хүртэл хөгжүүлэх хэрэгтэй. Танай сургууль манай стандарт шалгуур үзүүлэлтүүдийг үндсэндээ хангасан байна” гэсэн дүгнэлт ирсэн. Албан ёсны шийдвэр гарч сертификат батламж өгөх үйл ажиллагаа нь дөрөвдүгээр сарын 28-29-нд АНУ-д болно. Энэ хурлын үеэр манайхаас өгсөн тайлан, экспертүүдийн дүгнэлтийг мэдээлнэ. Эцэст нь 20-иод хүнтэй зөвлөл гар өргөж асуудлыг шийддэг. Миний ажиглаж байгаагаар үгүй гэх ямар ч шалтгаан харагдахгүй байна.
-Магадлан итгэмжлэлд бэлдсэн дөрвөн жилийн хугацаанд ямар шинэ зүйл мэдэрсэн бэ? 
-Дээд боловсролын чанарыг хөрөнгө мөнгө, багштай холбох гээд байдаг. Гэтэл чанар гэдэг өөр зүйл юм байна. Би түрүүнд хэлсэн дээ. Байнга сайжирч байдаг тогтолцоо, бүтцийг л нэвтрүүлчих юм бол сургууль аяндаа хөгждөг, багш нарын заах арга; сургах орчныг аяндаа сайжруулдаг зүйл нь тэр тогтолцоо юм байна. Үүнийг л мэдэрч ойлголоо. Бүр энгийнээр тайлбарлавал нэг багш нь явчихаар сургалт муудна гэсэн ойлголт байхгүй болно. Захирал нь солигдсон ч сайжраад яваад байдаг тогтолцоо гэсэн үг. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын хувьд Монголын бүх их, дээд сургуультай туршлагаа хуваалцах хүсэл байна.
Туршлага хуваалцах ажлаа эхэлсэн үү?
-  Мянганы сорилтын сангийн мэргэжлийн боловсролын сургалтын хүрээнд мэрэгжлийн боловсрол сургалтын байгууллагын чадавхийг бэхжүүлэх тал дээр ажиллаж байна.Чанарыг яаж сайжруулдгийг сургуулийнхаа жишээн дээр үзүүлж байгаа.   Бид туршлагаа зөвхөн Монголд төдийгүй бусад улс орнуудад түгээе гэж бодож байна. Жишээ нь ОХУ, Хятад, Солонгос, Япон зэрэг улс орнуудад яг манайх шиг бүх үе шатаар нь дамжиж энэ байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг авсан сургууль байхгүй. Тиймээс манай сургуулийг Бизнесийн сургууль, боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл "2010 оны од"-оор шалгаруулсан. Магадлан итгэмжлэл авахын төлөө биш өөрсдийгөө хөгжүүлдэг систем бүрдүүлэхийн төлөө явж байгаа гэсэн шалгуураар өгсөн гэж байсан. 
- Гэхдээ олон улсын байгууллагууд дэлхийн хэмжээний шагнал, итгэмжлэл, өргөмжлөлийг мөнгөөр өгдөг гэсэн яриа байдаг? 
- Магадлан итгэмжлэлийг дэлхий даяар зардаг байгууллагууд зөндөө л дөө. Надад ч гэсэн олон улсын шагнал өгье, төчнөөн доллар төлчих гэсэн санал Англи, Европ, Америкаас ирж байсан. Энэ байгууллага бол тийм биш. Яг чанарыг харж итгэмжлэх өгдөг. Үйл ажиллагааг нь Америкийн төдийгүй дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн байгууллага.
Олон улсад үнэлэгдсэн магадлан итгэмжлэлтэй сургуульд элссэн оюутнуудад ямар боломж нээгдэх бол. Жишээ нь танай оюутнуудад Америкт сурах боломж нээгдэж байгаа юу?
- Манай сургуульд элсч амжилттай сурч байгаа оюутан хэддүгээр курсээсээ ч Америкийн ижил чиглэлийн мэргэжлийн аль ч сургуульд шилжин суралцаж болно. Төгсөх жилээ АНУ-д сураад тэндээ-сээ дипломтой ирэх боломж нээгдэж байна. Тэтгэлэг авах боломжийг ч оюутнууддаа нээж өгч байгаа.
- Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хувьд нэг чигээр мэргэшсэн, сургвлтын орчинд зардал шаардаад байхгүй гэдэг нь итгэмжлэл авахад эерэгээр нөлөөлсөн гэж бодож байна. Бусад сургуулийн хувьд хөрөнгө өнгөнөөс эхлээд шийдэх асуудал олон гарах байх?
- Тоног төхөөрөмж, лаборатори, машин механизм, дадлагын газар хэрэгтэй нарийн мэргэжлийн инженер, технологич, эмч нарыг бэлдэхэд хөрөнгө их шаарддаг. Энэ бүхнийг шинэчлэх хөрөнгө шийдэгдэхгүй бол магадлан итгэмжлэгдэж чадахгүй. Төрөөс тусгайлж анхаарахгүй бол сургалтын төлбөрөөр хэзээ ч шийдэж амжихгүй асуудал.
- Шинжээчид танай сургууль дээр ажиллахдаа багш, оюутнуудаас олон зүйл асуусан байх. Хамгийн содон, сонирхолтой асуулт нь юу байсан бэ?
- Танай сургуулийн үнэ цэнэ юу вэ гэж асуусан. Сургуүлийнхаа үнэ цэнийг бүгдээрээ мэддэг эсэхийг сонирхдог юм билээ. Мэдээж үнэт зүйлээ тодорхойлчихсон учраас бид нэг л хариу өгсөн. Бид бизнесийн сургууль. Бизнес гэдэг бол мөнгө хийх ухаан биш. Хүний амьдрах арга, эрхэлдэг ажил. Манай сургуулийг төгссөн хүмүүс хүний хэрэгцээг олж харж, тэр хэрэгцээг нь бүтээхийн төлөө ажиллаж чаддаг байх ёстой. Ийм үзэл бодолтой байвал аль ч байгууллага, ямарч улс орон хөгждөг. Бидний үнэт зүйл бол энэ. Ер нь оюутан, багш, ажилтнуудад сонин асуулт их тавьсан гэсэн. Жишээ нь надаас Та сургуулийнхаа үүрэг, зорилгыг юу гэж харж байна" гэж асуусан. Манай сургууль ийм мэргэжлийн оюутан бэлддэг гэвэл зөв хариу биш. "Манай сургууль сайн боловсон хүчин бэлдэхээс гадна бизнесийн байгууллагуудыг төлөвшихөд нь туслах ёстой. Бид засаглалыг төлөвшүүлэхийн тулд анх санаачлага гаргаж, Засаглалын хөгжлийн төв байгуулсан. Ингэснээр компаниуд сайн засаглал гэдэг нь хөгжлийн урт удаан хугацааны амжилтын баталгаа гэдгийг ойлгосон" гэж хэлээд баримт нотолгоотой нь үзүүлэхээр "Үнэхээр сайн байна" гэж байгаа юм. Засаглал гэхээр том асуудал гэж ойлгож магадгүй. Тийм биш л дээ. Энгийн, жижиг зүйлээс эхэлдэг. Сумын хөгжил гэхэд л засаглалын нэг асуудал.
Өнөөдөр эзгүйрсэн сум олон байна. Сумыг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр манай сургууль нэлээд анхаарч ажилладаг.
- Сумдыг хөгжүүлэх зорилгоор ямар ажлууд хийж байгаа вэ?

- Сумандаа дор хаяж таван жил ажиллаж, бизнесийн орчныг нь сайжруулъя гэсэн хүнийг мастерын сургалтандаа 70 хувийн хөнгөлөлттэй сургаж байна. Эхний ээлжинд Завхан, Говь-Алтай, Баян-хонгорын иргэдийг хамруулж байгаа. Манай сургалтанд хамрагдсан хүмүүс сумынхандаа биэнесийн боломжийг таниулах үүрэг хүлээдэг. Тэд сумын иргэдийн бизнесийн боловсрол, үзэл бодол, хандлагыг өөрчлөх ёстой. Мөн бид алслагдсан сумдын иргэдийг үнс нурман дундаас босч хөгжиж чадсан улс орнуудын хязгаар нутгийнхантай холбож өгөхөөр ажиллаж байна. Энэ зунаас Солонгосын зарим тосгоны хүмүүсийг Монголын сумдтай холбож өгөх гэж байгаа. Монголд уул уурхайгаас гадна амьдралаа аваад явчих хязгааргүй боломж, баялаг байна. Гэтэл тэр боломжоо бид олж хардаггүй. Харин солонгос, япончууд тэрийг нь мэддэг. Хамгийн наад захын жишээ гэхэд азийнхан халуун рашаанд орох дуртай. Байгалийн давстай халуун усанд орох эрүүл мэндэд тустай гэдгийг мэддэг. Монголын нутагт хаа сайгүй давс бий. Давсаараа бизнес хийж болох юм байна гэсэн боломжийг олж харуулах л бидний гол зорилго. Түүнээс биш ганцхан оюутантайгаа ажилладаг газрыг дээд сургууль гэдэггүй. Их, дээд сургууль бол улс орныг авч явдаг зүтгүүрийн нэг. Тэр үүрэг хариуцлагаа үнэхээр ухамсарлаж чадаж байна уу гэдгийг Бизнесийн сургууль, боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийнхөн гол шалгуураа болгодог.

Ц.БААСАНСҮРЭН