АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөлийн 8 дугаар бүсийн хурал Грек улсын нийслэл Афин хотноо боллоо

Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөлийн 8 дугаар бүсийн ээлжит хурал Грекийн нийслэл Афин хотноо 2014 оны 11 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөв. Энэ хуралд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн Ц.Батбаяр, Перегрин Академик Сервис Монгол ХХК-ийн үйл ажиллагааны менежер Б.Одгэрэл нар болон Монголын бизнесийн сургуулиудын төлөөллүүд оролцлоо.


Хурлын өмнө 2014 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд ACBSP-ийн шинжээч, зөвлөхүүдэд зориулсан сургалтыг ACBSP–ийн магадлан итгэмжлэл хариуцсан захирал Стив Парскэйл, дэд захирал Диана Халлеруд нар Индианаполис их сургууль дээр зохион явууллаа. Монгол улсаас Санхүү эдийн засгийн дээд сургуулийн сургалт, судалгаа эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбаяр, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн Ц.Батбаяр нар тус сургалтанд хамрагдан, олон улсын шинжээч–зөвлөхийн гэрчилгээ гардан авав. Энэхүү сургалт нь ACBSP-ийн шинжээч, зөвлөхүүдийнхээ мэдлэг, ур чадварыг сайжруулах, шинээр шинжээч, зөвлөхөөр ажиллах хүсэлтэй хүмүүсийг сургаж бэлтгэх зорилготой тогтмол хийгддэг үйл ажиллагаа юм.


8 дугаар бүсийн ээлжит хурлыг нээж Грек улсын боловсролын дэд сайд асан Гиоргус Стайлиос илтгэл тавьсан бөгөөд тус улсын парламентын гишүүн мөн боловсролын дэд сайдаар ажиллаж байсны хувьд Грек улсаас боловсролын талаар авч хэрэгжүүлж буй бодлогын талаар товч танилцуулга хийв. Мөн ACBSP-ийн гүйцэтгэх захирал Дуглас Вьехланд хурлыг нээж, 8 дугаар бүсийн хуралд ирсэн зочдыг танилцуулснаар хурал эхлэв. Вебстер их сургуулийн хурлын танхим болон номын сан гэсэн 2 хэсэгт хурал үргэлжилсэн бөгөөд ACBSP байгууллагын 8 дугаар бүсийн ерөнхийлөгч Василис Ботопоулос, Жереми Криппс нар удирдан явууллаа.

ACBSP-ийн магадлан итгэмжлэл хариуцсан дэд захирал Диана Халлеруд "Магадлан итгэмжлэлийн онлайн тайлагналын порталыг хэрхэн ашиглах тухай", Перегрин Академик Сервис компаний захирал Олин Оедековин "Үнэт зүйлд суурилсан дээд боловсролын удирдлага", Скода Авто их сургуулийн профессор Павел Страч "Бизнесийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үйл явц хандлага" зэрэг илтгэлүүд хэлэлцүүлсэн нь оролцогчдын анхаарлыг ихэд татаж байлаа. Мөн ПАСМ ХХК-ийн менежер Б.Одгэрэлийн тавьж, хэлэлцүүлсэн "Монгол улсын шалгалтын үр дүнг АНУ, Европ, АНУ-аас гадна орших их сургуулиудын дундажтай харьцуулсан судалгааны илтгэл" оролцогчдын зүгээс өндөр үнэлэлт авч, шилдэг илтгэлийн шагнал хүртсэн нь Монгол улсаас оролцсон бидний хувьд тэмдэглүүштэй сайхан үйл явдал боллоо.


Хаалтын хуралдааны үеэр ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн сургуулиудыг төлөөлөн Монгол улсын Санхүү эдийн засгийн сургуулийн дэд захирал Б.Мөнхбаяр ACBSP-ийн шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангах, өөрийн үнэлгээний тайлан бичих талаар өөрийн сургуулийн туршлагаас, Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайрах коллежийн бизнесийн сургуулийн профессор Алфред Миллер ACBSP-ийн шинжээчээр ажиллахад гарсан зарим асуудал, өөрийн туршлагаас танилцуулж, хэлэлцүүлэв.

11 дүгээр сарын 29-ний орой 8 дугаар бүсийн хуралд оролцогчдод зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт Электра Палас зочид буудалд болж, энэ үеэр Монгол улсын Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргалд Монгол улсын бизнесийн сургуулиудаас ACBSP-ээр магадлан итгэмжлүүлэх ажлыг анхлан эхлүүлж, манлайлан амжилттай ажилласанд нь баяр хүргэн "ACBSP Champion Award" шагналаар шагнав.

8 дугаар бүсийн дараагийн хурал 2015 оны 11 дүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдэд Испани улсын Барселона хотод зохион байгуулагдахаар болов.