АНУ-ЫН ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛ (ABET)-ИЙН ШИНЖЭЭЧИД АЖИЛЛАЛАА


ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Цахилгаан холбоо” болон “Утасгүй холбоо” хөтөлбөр /сургуулийн зүгээс нэмэлтээр магадлан итгэмжлүүлж буй/-үүд дээр АНУ–ын Инженер, технологийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ABET/-ийн шинжээчид 2017 оны 10 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд ажиллалаа. Эдгээр хөтөлбөрүүд нь ABET-аар магадлан итгэмжлүүлэхээр хүсэлт гарган, шинжээчийн баг хүлээн авч буй Монгол улсын анхны хөтөлбөрүүд болж байна. Шинжээчийн багийн Др. Кирк Линдстром ахалж, багийн гишүүдээр Рич Варрен, Гари Муллет нар ажиллав. Мөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны мэргэжилтэн Ц.Батбаяр тус багийн ажиглагч гишүүнээр ажиллалаа.

Шинжээчийн баг сургалтын орчин, лаборатори, тоног төхөөрөмжийн нөөцтэй танилцан, оюутан, багш, төгсөгчид, ажил олгогчдийн төлөөлөл, сургуулийн удирдах албан тушаалтнууд, сургалтын албаны мэргэжилтнүүдтэй уулзаж, өөрийн үнэлгээний тайлангийн дагуу холбогдох тодруулгыг хийж, нэмэлт мэдээллийг авсан.

2017 оны 10 дугаар сарын 31–ний өдөр шинжээчдийн багийн гишүүд хөндлөнгийн үнэлгээг урьдчилсан байдлаар сургуулийн удирдлага болон хөтөлбөр хэрэгжүүлэгч багийн гишүүдэд танилцуулав. Шинжээчийн багийн ахлагч Др. Кирк Линдстром өөрийн үнэлгээний тайланг бэлтгэсэн багийн гишүүдийн хамтын ажиллагаа, хөндлөнгийн үнэлгээнийн бэлтгэл ажил маш сайн хийснийг онцоллоо. Багийн гишүүд өөрсдийн үнэлгээг урьдчилсан байдлаар танилцуулахдаа асар хурдацтайгаар хөгжиж буй утасгүй холбоо болон цахилгаан холбооны салбарын хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулийн шаардлагатай лаборатори, тоног төхөөрөмж, сургалтын орчинг бүрдүүлсэн байх нь чухал ач холбогдолтой болохыг дурдаад, энэ чиглэлээр төв сургууль, удирдлагын зүгээс онцгой анхаарч ажиллах шаардлагатайг сануулав.

Шинжээчийн багийн өгсөн зөвлөмжийн дагуу зарим зүйлсийг сайжруулан, тайлагнасны дараа ABET-ийн Магадлан итгэмжлэлийн комисс 2018 оны 6 дугаар сард хуралдах тус зөвлөлийн магадлан итгэмжлэх комиссийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.