Холбоо барих

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН
ДЭД ДАРГА, АЖЛЫН АЛБАНЫ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ



Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг ханган, хариуцлагатай, чадварлаг, шударга байх зарчмыг үнэт зүйлээ болгон ажиллах нь бид бүхний хамтын зорилго юм. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл үүсэж хөгжсөн 24 жилийн хугацаанд үе үеийн удирдлагуудын хийж гүйцэтгэсэн өргөн цар хүрээтэй бодлого, шийдвэрүүд, хариуцсан төслүүд, зөв зүйтэй санаачилгуудыг үргэлжлүүлэн, оролцогч талуудын саналыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна. 

Манай байгууллага нь УИХ-аар 2016 оны 04 дүгээр сарын 16-нд баталсан "Боловсролын тухай багц хууль"-д заасны дагуу Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл дээд болон мэргэжлийн боловсролын байгууллага, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх, урьдчилсан магадлан иттгэмжлэл хийх, их, дээд сургуулийн ангилал тогтооход дүгнэлт гаргах, гадаадын болон дотоодын магадлан итгэмжлэлийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах, магадлан итгэмжлэлийн шинжээчдийг сонгон шалгаруулах, бэлтгэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэж байна. Мөн "Боловсролын тухай хууль"-ийн 26-р зүйлийн 26.1, 26,2 дахь заалтууд; "Дээд болосролын тухай хууль"-ийн 8.11, 8.12, 12.1 дэх заалтуудыг хэрэгжүүлэн ажилладаг. Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл нь Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлагын дагуу сургалтын байгууллагын чанарын дотоод баталгаажуулалтын үйл ажиллагааны тайлан мэдээ, үр дүнд өөрийн үнэлгээ хийж нэгтгэн дүгнэхэд чиглэж байна. Сургалтын байгууллагын чанарын дотоод баталгаажуулалтыг сайжруулснаар сургалт, судалгаа болон бусад үйлчилгээний чанарын ахиц байнга сайжирч, хэрэглэгч, оролцогч, сонирхогч талуудын сэтгэл ханамж дээшилж, сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тэдний оролцоо дэмжлэг нэмэгддэг нь магадлан итгэмжлэлийн гол үр дүн билээ. Сүүлийн жилүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчдийн багт ажил олгогч, салбарын мэргэжилтэн, судлаач төдийгүй оюутан суралцагчдын төлөөлөл ажиллаж байгаа нь сургуулийн ажилд оролцогч талуудын санал, дүгнэлтийг тусгах боломжийг улам бүр нэмэгдүүлж байна. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл 2004 оноос эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүдийг чанарын баталгаажуулалтын олон улсын нийтлэг зарчимд тулгуурлан 2015, 2018 онд тус тус шинэчилсэн. Сургалтын хөтөлбөрийг төлөвшүүлэх, сайн туршлагыг дэмжих тогтолцоо бий болгох, оролцогч талуудын харилцан уялдаа, үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, зах зээлд төгсөгчдийг чанартай бэлтгэх, хөтөлбөрийг шин шатанд гаргах зэрэг олон ахиц өөрчлөлт, үр дүн гарах юм.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хувьд, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь магадлан итгэмжлэлийн ажлыг олон улсын түвшинд хүргэхийн тулд олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага, зөвлөл, комисс, агентлагуудтай хамтран ажилладаг. Бид байгуулллагынхаа үйл ажиллагаанд Ази-Номхон далайн "Чанарын баталгаажуулалт"ын байгууллага болох APQN-ээр хөндлөнгийн үнэлгээг амжилттай хийлгэж, 2024 он хүртэл чанараа баталгаажуулж, Герман, Япон, Энэтхэг, Тайвань, Солонгос, Америк, Англи, Вьетнам, Орос зэрэг 20 орчим улс орнуудын магадлан итгэмжлэлийн байгууллагатай хамтран ажиллаж, Ази-Европ-Америкийн магадлан итгэмжлэлийн байгууллагуудын шилдэг туршлага шалгаруулах судалгаанд амжилттай оролцож БМИҮЗ нь 20 орны 23 магадлан итгэмжлэлийн шилдэг туршлагатай байгууллагын нэгээр шалгарав. Бид ажил өдөр бүр жигдэрч, үйл ажиллагаагаа олон улсын түвшинд дүйцэхүйц байдлаар хичээнгүйлэн ажиллаж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.


ДЭД ДАРГА, АЖЛЫН АЛБАНЫ ЗАХИРАЛ
Ж.АРИУНБОЛД