Холбоо барих

БОЛОВСРОЛ,  ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,
БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА



Эрдэм боловсролыг дээдлэгч Эрхэм Таны амар амгаланг эрж мэндчилье.

Монголын ард түмэн эртнээс эрдэм, боловсролыг эрхэмлэн дээдэлж ирсэн билээ. Монгол Улс, манай ард түмний зуун дамнасан олон ололт, амжилтын нэг нь үндэсний боловсролын тогтолцоо юм. Бүх шатны боловсрол иргэддээ хүрэлцээтэй, үр өгөөжтэй байхыг зорьж хөгжиж ирсэн нь өнөөдрийн бидний хөгжил, дэвшлийн үндэс суурь болсон юм.
Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн сүүлийн 30 шахам жилийн хугацаанд манай боловсролын тогтолцоо өмчийн олон хэлбэрт суурилан хөгжиж, хөрөнгө оруулалт хэд дахин нэмэгдэж, дээд болон мэргэжлийн боловсролын салбарт бодит хэрэгцээнээс давсан материаллаг баазыг буй болгосон юм. Өнөөдөр дээд боловсролын салбарт 80 гаруй их дээд сургууль, мэргэжлийн боловсролын салбарт 83 сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол яах аргагүй ололт мөн. Гэвч сургалтын байгууллага бүр иргэдэд хүсэн хүлээсэн чанартай боловсролыг олгож чадахгүй байгаагаас олон нийт сайшаан магтахаасаа шүүмжлэн хэлэлцэх нь давамгайлах болжээ. Асуудлын гол нь чанарт байна. Чанар нь өөрөө үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг процесс юм.
Үйлдвэрлэгч болон хэрэглэгч нь чанарыг үнэлэх өөрсдийн арга хэрэгсэлтэй хэдий ч энэ хоёрын аль алинаас нь хамааралгүй гурав дахь буюу хөндлөнгийн этгээдийн үнэлгээ илүү бодитой байдаг гэсэн хандлагын үүднээс чанарын хөндлөнгийн үнэлгээ, баталгаажуулалтын арга хэлбэрүүд түгэн дэлгэрч ирсний нэг нь боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа юм.
Манай улсын мэргэжлийн боловсролын салбарт хувийн хэвшлийн анхны сургуулиуд 1 991 оноос үүсэн байгуулагдаж эхэлсэн. Үүнээс дөрөвхөн жилийн дараа буюу 1995 онд магадлан итгэмжлэх асуудал Боловсролын тухай хуульд тусгагдсанаар энэхүү чухал үйл ажиллагааны эрх зүйн үндэс бүрдсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл байгуулагдан өнөөдөр 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа зөвхөн дээд төдийгүй мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийг хамран үндэсний тогтолцооны түвшинд төлөвшин бэхжиж, хөгжлийн нэг гол хөшүүрэг болж чадсаныг онцлон тэмдэглэж байна. Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагууд, сургалтын хөтөлбөрүүд дотооддоо төдийгүй олон улсад магадлан итгэмжлэгдэж эхлээд байна. Энэ бүхэн ололт амжилт, ахиц дэвшил мөн.
Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, алдаа, оноондоо тулгуурлан цаашид бид боловсролын салбарт чанарын дорвитой өөрчлөлт гаргах хэрэгтэй байна. Иймд 2020-2021 оны хичээлийн жилд бид "Чанартай боловсрол - Чанартай хөтөлбөр" зорилго тавин ажиллаж байна. Үүний тулд магадлан итгэмжлэлтэй холбоотой дараах зорилтуудыг дэвшүүлж байна.
1.Хамгийн өндөр шаардлага тавьдаг хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж, боловсролын глобал зах зээл дээрх өрсөлдөөнийг даван туулж, тасралтгүй хөгжих нь манай бүх шатны боловсролын байгууллагуудын эрхэм зорилго билээ.
2.Боловсролын салбарыг цогцоор нь магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын үндэсний тогтолцоонд хамруулах.
3.Магадлан итгэмжлэлийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг эхний шатанд Ази-Номхон далайн орнуудын нийтлэг стандартад нийцүүлэн, их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага гэсэн ангиллаар ялгавартай боловсруулан үндэсний стандарт болгон баталгаажуулж хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах.
4.Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа магадлан итгэмжлэлийн байгууллагуудаас хамгийн найдвартай, чанартайг нь сонгон хамтран ажиллаж, монголын боловсролын чанарыг дээшлүүлж, олон улсад хөрвөх чадварыг нь нэмэгдүүлэх хүчин зүйл, хүчирхэг хөшүүрэг болгох.
5.Дээд болон мэргэжлийн боловсролын салбарт хөндлөнгийн үнэлгээ, чанарын баталгаажуулалт зонхилж байгааг анхаарч, сургалтын байгууллага бүр дотоод чанарын баталгаажуулалтын системийг бүрдүүлэн хоёр талаас тэгш оролцоотой хамтран ажиллах.
Даяаршилд боловсролын орон зай хил хязгааргүй болж байна. Хил хязгааргүй боломж бас хил хязгааргүй асуудлууд эрсдэлийг дагуулж байна. Асуудлыг хил, хязгаарт үл баригдан шийдвэрлэхэд магадлан итгэмжлэлийн үүрэг улам бүр нэмэгдэж байна.
Өсөн нэмэгдэж буй нийгмийн эрэлт, хэрэгцээг гүнзгий мэдэрч, чанарын төлөөх үйл явцыг гүнзгийрүүлэн, боловсролын үнэ цэнийг бодитой тогтоон тасралтгүй өсөн нэмэгдүүлэхийн төлөө оролцогч бүх тал Боловсролын магадлан итгэмжлэлийн төв байгууллагатай урьдын адил хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.


Боловсрол, шинжлэх ухааны сайд,
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн
Удирдах зөвлөлийн дарга

Л. Энх-Амгалан