2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл (БМИҮЗ) нь Тайванийн Дээд Боловсролын Үнэлгээ, Магадлан Итгэмжлэх Зөвлөл (HEEACT) байгууллагатай хамтын ажиллагааны гэрээг 5 жилийн хугацаатай шинэчлэн байгууллаа. Гэрээнд БМИҮЗ-ийг төлөөлж, тус байгууллагын удирдах зөвлөлийн дэд дарга бөгөөд Ажлын албаны захирал доктор О.Янжмаа (Sc.D.), HEЕACT-г төлөөлж тус байгууллагын гүйцэтгэх захирал доктор, профессор Фү-Син Лү нар гарын үсэг зурав. Хоёр байгууллага хамтран төсөл хэрэгжүүлэх, шинжээч солилцох, чадавхжуулах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 3 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээг байгуулж байсан юм. Хоёр талын хамтын ажиллагаа нь харилцан үр өгөөжтэй, ялангуяа шинжээчдэд олон улсын магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд гар бие оролцох практик, дадал туршлага олгох тал дээр өндөр үр дүнтэй байна гэдэгт гэрээ байгуулсан талууд итгэлтэй байна. HEЕACT байгууллага нь 2005 онд байгуулагдсан, Тайванийн Засгийн газраас санхүүждэг, чанарын баталгаажуулалтын төв агентлаг бөгөөд байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, олон улсын магадлан итгэмжлэл хийхээс гадна үндэсний болон олон улсын чанарын баталгаажуулалтын байгууллагуудыг хүлээн зөвшөөрч, батламжлал олгодог юм. Боловсролыг тэргүүлэн хөгжүүлэх салбарын нэг болгон чухалчилсан Тайванийн Засгийн газрын бодлогын үр дүнд өнөөдөр Тайванийн боловсрол, үүн дундаа дээд боловсрол Ази номхон далайн орнууд дундаа манлайлагчдын тоонд зүй ёсоор орж буй бөгөөд үүнд HEEACT байгууллагын оруулж буй хувьд нэмэр багагүй юм.

