БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВТЭЙ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэргэдэх Боловсролын зэрэг, баримт бичгийг хүлээн зөвшөөрөх мэдээллийн үндэсний төв болон БНСУ-ын Үндэсний мэдээллийн төв (KARIC) хамтран туршлага солилцох уулзалтыг цахимаар зохион байгуулав. Уулзалтад оролцогчид хоёр улсын Үндэсний мэдээллийн төвийн үүсэл хөгжил, эрх зүйн статус, бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагаа, гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан танилцуулснаас гадна, Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны конвенц (Токиогийн конвенц)-ын хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцов. Түүнчлэн ойрын хугацаанд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. KARIC нь 2019 онд БНСУ-ын Үндэсний мэдээллийн төв болон албан ёсоор байгуулагдсан, тус улсын Их, дээд сургуулийн магадлан итгэмжлэх зөвлөлийн дэргэд 5 хүний орон тоотойгоор ажиллаж байна. Төвийн гол чиг үүрэг нь гадаад улс орнуудын боловсролын тогтолцоо, үндэсний мэргэшлийн хүрээг судалж, их, дээд сургуулиудад мэдээлэл өгөх, олон улсын Үндэсний мэдээллийн төвүүдэд БНСУ-ын боловсролын тогтолцоо, боловсролын зэрэг, баримт бичгийн талаар мэдээлэл гаргаж өгөх, Токиогийн конвенцын хэрэгжилтийг хангах зэрэг юм.