Боловсролын магадлан итгэмжлэлд тавих шинэ шаардлага, шалгуур үзүүлэлтүүд

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД ТАВИХ ШИНЭ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Монгол Улсын Боловсролын магадлан
итгэмжлэх үндэсний зөвлөл

Доктор,профессор В.АЛЗАХГҮЙ
Магистр Ж.ТУНГАЛАГ

1990 оноос Монгол оронд эхэлсэн ардчилсан өөрчлөлт улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан түүхэн үйл явдал байв. Энэ өөрчлөлтөд хамрагдаагүй нийгмийн институт үлдээгүйн дотор Монгол Улсын боловсролын систем, түүний тогтолцоо бүхэлдээ хамрагдаж, өөрчлөлт, шинэчлэлт 20 гаруй жил үргэлжилж байна.
Нийгэм, эдийн засгийн тогтолцоог бүхэлд нь хамарсан түүхэн үйл явдлын давалгаанд өртсөн олон салбараас боловсролын салбар нэн тэргүүнд зөв гольдролд орсон. Улсын Бага хурлаар хэлэлцэн 1991 онд баталсан“Боловсролын тухай“ хууль хийгээд Улсын Их Хурлаар 1995 онд хэлэлцэн баталсан Боловсролын багц хууль олон асуудлыг дэлхийд давамгайлсан нийтлэг жишиг, хандлагад ойртуулан оновчтой шийдсэн билээ. Шинэчлэлт, өөрчлөлтийг эрх зүйн орчинг бүрдүүлэхээс эхэлсэн нь эрэмбэ, дарааллын хувьд зөв байв.
Боловсролын салбарт хувь хүмүүс хийгээд аж ахуйн нэгж, байгууллага хөрөнгө оруулалт хийх боломжийг нээж эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн. Анхны хувийн хэвшлийн дээд боловсролын байгууллага байгуулсан хүмүүс ихэвчлэн их, дээд сургуулийн багш нар, санхүү, эдийн засгийн мэргэжилтэй хүмүүс байв. Хувийн хэвшил одо энэ салбарын салшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг болжээ.
Хувийн хэвшлийн сургуулиуд шинээр байгуулагдахын зэрэгцээ төрийн өмчийн дээд сургуулиудыг их сургууль болгон зохион байгуулж, сургалт-эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах эхлэлийг тавьсан юм. Үйлдвэрлэлийн салбарын эрс уналтаас шалтгаалан үүд хаалгаа барьж эхэлсэн мэргэжлийн зарим сургуулиудыг их сургуулиудын бүтэц, бүрэлдэхүүнд оруулснаар олон сургууль шаталсан сургалт явуулах болсон.
Сургалтын агуулга, сургалтын төлөвлөгөөний бүтэц үндсээрээ өөрчлөгдөв. Урьд өмнө нь сургалт явуулж байгаагүй шинэ мэргэжлүүдийг нээж, энэ чиглэлээр сургалтын материаллаг бааз, багшлах боловсон хүчинтэй болов. Дээд боловсролын сургалтын байгууллагуудад ажиллаж буй багш нар шинэ боловсрол, мэргэшил, чадавхи эзэмшин өөрсдийгөө өөрчилж шинэчилж чадсан.
Сургуулиудын менежмент шинэчлэгдэж, дотооддоо улмаар хөрш орнуудын дээд боловсролын байгууллагуудтай өрсөлдөх чадвар нь дээшилж байна.
1990 онтой харьцуулахад өнөөдөр Монгол Улсын оюутан залуучууд , багш нарын тоо 7-10 дахин өсөөд байна. Манай улсын дээд боловсролын байгууллагуудын нэг хичээлийн жилд оюутан элсүүлэх боломжит суудлын тоо 100 шахам мянгад хүрчээ. Насанд хүрсэн хүн бүртээ дээд боловсрол эзэмшүүлэх чадавхитай орны нэг нь манай Монгол Улс юм. Энэ бүхнийг бид дээд боловсролын салбарт хүрсэн тоон үзүүлэлт, олсон ололт амжилт, давуу тал гэж үзэж болно.
Өнөөдрийн байдлаар манай улсад дээд боловсрол олгох 100 шахам сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулиудыг өмчийн талаас нь авч үзвэл, төрийн өмчийн сургууль, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх, хувийн өмчийн, гадаадын иргэдийн, гадаадын байгууллага, иргэдийн хувь нийлүүлсэн, гадаад орны их дээд сургуулиудын салбар сургууль гэж ангилан үзэж болох юм.
Сургалтын ийм олон байгууллага зэрэгцэн оршиж, үйл ажиллагаа явуулах болсон нь сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчид шинжилгээ, үнэлгээ хийж магадлан итгэмжлэх шаардлагыг буй болгосон юм. Монгол Улсын шинэ орон зай, олон тулгуурт гадаад бодлого, бидэнд олдсон боломж, ардчилал, зах зээлийн харилцаа энэ тогтолцоо, системийг нэн даруй нэвтрүүлэхийг шаардсан юм.
1995 онд батлагдсан Боловсролын тухай хуульд “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллага нь бага,дунд,дээд боловсролын байгууллагын сургалт,эрдэм шинжилгээний ажилд магадлан шинжилгээ хийж,сургалтыг эрхлэх шаардлага хангаж буй эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй , үйл ажиллагааныхаа орлогоор бүрэн санхүүжиж бие даан ажиллах хуулийн этгээд байна” гэж хуульчилж өгсөн нь Боловсролын салбарт магадлан итгэмжлэл хийх эрх зүйн үндсийг бүрдүүлэхийн эхлэл болсон юм. Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 240 дүгээр тогтоолоор Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийг байгуулан ажиллуулахаар шийдвэрлэж, дүрмийг нь баталсан билээ.
ДБМИҮЗ 1998 онд байгуулагдан 1999 онд анхны их, дээд сургуулийг магадлан итгэмжлэснээс хойш өнөөдрийн байдлаар 14 их сургууль, 45 дээд сургууль, 11 коллеж, мэргэжлийн 3 сургууль магадлан итгэмжлэгдээд байна. Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл 2000 оноос эхэлж, 74 хөтөлбөр магадлан итгэмжлэгдээд байна. БМИҮЗ-ийн дэргэд Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн асуудлыг хариуцсан мэргэжлийн 13 зөвлөл ажиллаж байна.
Боловсролын магадлан итгэмжлэл эхний жилүүдэд зөвхөн дээд боловсролын байгууллагуудын хүрээнд хийгдэж байсан бол өнөөдөр дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааны түвшин, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.
Боловсролын салбарт магадлан итгэмжлэл хийж байгаа үйл ажиллагааны эхний жилүүдийн үр дүн нь дараах нийтлэг дүгнэлтийг хийх боломжийг бидэнд олгож байна. ҮҮНД :
Нэг. Боловсролын байгууллага, хөтөлбөрийг магадлан итгэмжлэхийн ач холбогдол улам бүр өссөөр байна. Боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх , чанарын баталгаажуулалт хийх ажлыг улс орон бүр өөр өөрийн онцлогт зохицуулан эрхэлж ирсэн боловч агуулга, ач холбогдлын хувьд нийтлэг зүйл олон байна.
Юуны өмнө сургалтын байгууллага өөрийн орны магадлан итгэмжлэлийн үндэсний байгууллагаараа хөндлөнгийн үнэлгээ хийлгэн улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагатай. Нэн тэргүүнд манай үйл ажиллагаа энэ шаардлагыг хангаж байна.
Хоёр. Аль ч улс гадаадын иргэдийг хүлээн авч суралцуулах болон эзэмшсэн мэргэжлээр нь ажилд авахдаа юуны өмнө эх орондоо заавал магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцан боловсрол эзэмшсэн байхыг шаарддаг нь нийтлэг, олон улсын жишиг шинжтэй байна. Энэ шаардлагыг хөрш хоёр орноос эхлээд АНУ, Япон, Англи, ХБНГУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, БНСУ , Куба, Вьетнам, Нидерланд, Голланд, Швед зэрэг бидэнтэй харилцаатай, хамтран ажилладаг, манай иргэдийн суралцдаг бараг бүх улс орон тавьж байна. Энэ эрэлт хэрэгцээг ханган иргэддээ үйлчлэх, эзэмшсэн боловсрол, мэргэжлийг нь хөрвөх чадвартай болгоход туслах нь манай үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг юм.
Гурав. БМИҮЗ-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин, улам олон талтай болсноор байна. БМИҮЗ Дээд боловсролын чанарын батлагаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ, Ази, Номхон далайн бүс нутгийн чанарын сүлжээний гишүүн болсноор эдгээр байгууллагуудын гишүүн орнуудын дээд болон мэргэжлийн боловсролын сургуулиудад манай иргэн шинээр болон ахисан түвшний сургалтанд хамрагдан суралцах боломж бүрдсэн юм. Монгол Улсын Засгийн газар Ази, Номхон далайн орнуудын техникийн боловсролын коллегид /CPSC/ гишүүнээр элссэнээр манай улсын техникийн болон мэргэжлийн боловсрол,сургалтын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, иргэд эх орондоо эзэмшсэн техник мэргэжлийн боловсрол, мэргэжлээрээ энэхүү олон улсын байгууллагын гишүүн орнуудад ажиллах боломж нээгдсэн юм. Энэ байгууллагын дэргэдэх Ази,Номхон далайн орнуудын Магадлан итгэмжлэлийн комиссоор /АРАСС/ Барилгын коллеж /хуучин нэрээр/, Хүнсний технологийн коллеж магадлан итгэмжлэгдээд байна. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудыг магадлан итгэмжлэлийн олон улсын болон өндөр хөгжилтэй орны байгууллагуудаар магадлан итгэмжлэл хийлгэх, манай магадлан итгэмжлэлийн ажиллагаанд гадаад орны шинжээчдийг оролцуулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын нийтлэг жишигт ойртуулах зэрэг чиглэл манай үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлж байна. Манай улсын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 12 сургууль АНУ-ын эдийн засаг, бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэлийн холбоогоор /ACBSP/ магадлан итгэмжлүүлэхээр бүртгүүлж, нэр дэвшигч байгууллагын статустайгаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Дөрөв. Боловсролын байгууллага магадлан итгэмжлэгдсэнээр төрөөс санхүүгийн болон бусад дэмжлэг хүлээх боломж нээгддэг.
Тав. Сургуулийн чанар,үр дүнг хэмжих,үнэлэх нэгдсэн жишиг,шалгуур үзүүлэлтүүд тогтсон. Сургуулиудын зэрэглэл,ангилал тогтоох,сургууль шинэ мэргэжил нээх,ахисан түвшний сургалт эрхлэх зэрэгт магадлан итгэмжлэл харгалзан үзэх нэг гол шалгуур болдог.
Зургаа. Дотоод,гадаадын сонирхогч талуудыг /Элсэгчид,тэдний эцэг, эх, ажил олгогч г.м/ илүү найдвартай, шаардлагатай мэдээллээр хангах,зөв сонголт хийхэд нь туслах үүрэгтэй.
Магадлан итгэмжлэл дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагуудын хувьд дараах ач холбогдлыг өгсөн гэж хэлж болно, ҮҮНД:

  1. Дээд боловсролын байгууллага өөрийн дотоод чанарын удирдлагын тогтолцоог бий болгож, үйл ажиллагаандаа хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж “ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН”-г БМИҮЗ-өөс тогтоосон чиглэл,шаардлага, шалгуур үзүүлэлтүүдээр тогтмол хугацаанд боловсруулж хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлэн чанарын баталгаажуулалт хийлгэдэг болсон
  2. Сургууль эрхэм зорилго, зорилтуудаа тодорхойлон урт болон богино хугацааны төлөвлөлттэй болсон /ТӨЛӨВЛӨЛТ/
  3. Мэргэжлийн боловсролын байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт нэгдсэн бүтэц, зохицуулалтад орсон / Удирдах зөвлөл, эрдмийн зөвлөл, захиргааны зөвлөл г.м /УДИРДЛАГА/
  4. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын дотоод эрх зүйн орчин бүрдэж, хууль, дүрэм, журмын хэрэгжилт сайжирсан /ЭРХ ЗҮЙН ОРЧИН/
  5. Сургуулиудын материаллаг бааз бэхжиж санхүүгийн чадавхи дээшилсэн /МАТЕРИАЛЛАГ БААЗ,САНХҮҮ/
  6. Дотоодын ижил мэргэжлээр сургалт явуулдаг сургуулиудын хувьд кредит цуглуулах ба шилжүүлэх, хөрвүүлэх боломж буй болсноор суралцагчдын хувьд илүү чанартай сургуулийг сонгон суралцах , сургуулиудын хувьд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн


Бид зохих түвшинд хүрсэн боловч цаашид анхаарах олон асуудал байна.
Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагад тавих урьдчилсан шаардлага, шалгуур үзүүлэлтүүдэд нэмэлт өөрчлөлт оруулан 2014 оноос эхлэн мөрдөнө. Магадлан итгэмжлэл хийсэн эхний жилүүдэд энэ тогтолцоог манай оронд нутагшуулах, сургалтын байгууллагыг аль болох дэмжих бодлогыг баримталж байсан бол одоо чанарын асуудал тэргүүн зэрэгт тавигдаж байна.
2014 оноос эхлэн хэрэгжүүлэх сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн үндсэн чиглэлүүд:

  1. Эрхэм зорилго, зорилтууд
  2. Удирдлага, манлайлал, төлөвлөлт, хөгжлийн бодлого, чиг хандлага
  3. Чанарын баталгаажуулалтын дотоод систем, хяналт-шинжилгээ, үнэлгээ
  4. Профессор, багш нарын бүрэлдэхүүн
    • Сургалт, мэргэжил дээшлүүлэх тогтолцоо
    • Хүний нөөц
  5. Сургалтын агуулгын шинэчлэлт
    • Сургалтын хөтөлбөрийн инноваци
    • Е, зайны сургалт
  6. Суралцагчид
    • Оюутанд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг
    • Оюутны өөрийн удирдлагын байгууллага
    • Төгсөгчидтэй ажиллах ажил, ажил эрхлэлт
  7. Материаллаг бааз, барилга байгууламж
    • Дэд бүтэц
  8. Санхүү, эдийн засгийн нөөц
  9. Номын сан, мэдээллийн хангамж, сураглтын тоног төхөөрөмж
  10. Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны ажил
    • Судалгааны лаборатори, хүрээлэн
    • Эрдэм шинжилгээний сэтгүүл
  11. Гадаад харилцаа, гадаад, дотоод хамтын ажиллагаа
    • Ажил олгогчидтой ажиллах
    • Хамтарсан сургалтын хөтөлбөрүүд
  12. Соён гэгээрүүлэх, нийгэмд үзүүлэх үйлчилгээ

Сургалтын чанарт ахиц дэвшил гаргахад бидний үйл ажиллагаа бүхэлдээ чиглэгдэж, дэлхийн олон орны магадлан итгэмжлэлийн байгууллагуудын хэрэгжүүлж буй шаардлага, шалгуур үзүүлэлтүүдэд харьцуулсан судалгаа хийсний үндсэн дээр энэхүү үндсэн чиглэлүүдийг тогтоон боловсруулж байна. Энэ чиглэлээр Ази-Номхон далайн орнуудын болон Европын боловсролын чанарын баталгаажуулалтын олон улсын байгууллагуудтай хамтран үр өгөөжтэй ажиллаж байна.

Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарт магадлан итгэмжлэлийн тогтолцоог бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа эхний жилүүдийн үр дүн, цаашдын хөгжлийн чиг хандлага ийм байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Зохиогчдын тухай:

В.АЛЗАХГҮЙ – Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул. Түүх, нийгмийн ухааны багш, улс судлаач мэргэжилтэй. Хүүхэд, залуучуудын болон нам, төрийн байгууллагуудад олон жил ажилласан, төр, нийгмийн зүтгэлтэн. 1996 оноос Боловсролын салбарт ажиллаж байна. Дээд боловсролын шинэчлэлт, чанарын баталгаажуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудлаар судалгааны ажил хийдэг. “Боловсролын чанарын үнэлгээ” сэтгүүл эрхлэн гаргадаг. Сэтгүүлч, нийтлэлч, яруу найрагч. Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор
-Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирлаар 2003 оноос ажиллаж байна.

Ж.ТУНГАЛАГ – МУИС төгссөн. Онолын физикч, физикийн багш мэргэжилтэй.
МУИС-д багш, “Дорнод” дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, дэд захирлаар ажиллаж байсан. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, чанарын баталгаажуулалт, сургалтын хөтөлбөрийн агуулга, инновацийн асуудлаар судалгааны ажил хийдэг. Магистр, МУИС-ийн докторант
-Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны байгууллагын болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн