2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БМИҮЗ-ийн дээд болон мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн үнэлгээ хийх 13 мэргэжлийн зөвлөлийн 50 гаруй төлөөлөл уулзаж, БМИҮЗ-ийн алба, нэгжүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, магадлан итгэмжлэлийн өнөөгийн тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо. Тухайлбал, Боловсрол чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн дарга, академич Н.Бэгз: “Шинжээчдийг томилохдоо тухайн салбарын талаар мэдлэг боловсрол сайтай хүнийг сонгох, мэргэжлийн зөвлөлөөс санал авдаг байх, магадлан итгэмжлэлийн шалгуурт сургалтын хөтөлбөрийн онол арга зүйн асуудлыг түлхүү оруулах, мэргэжлийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг мэргэжлийн зөвлөлд танилцуулдаг байх нь зүйтэй” гэсэн саналыг дэвшүүлэв. Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, мал эмнэлзүйн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн дарга, академич А.Бакей: “Магадлан итгэмжлэл гэдэг бол сургалтын байгууллага, хөтөлбөрийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах зорилготой учраас захиргааны шинжтэй хяналт үнэлгээнээс ангид байж, өөрийн үндсэн зарчмаа хадгалж үлдэх нь чухал.” Бизнес, удирдлага, эрх зүйн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн дарга, профессор Г.Батхүрэл: “БМИҮЗ-ийн удирдах зөвлөлийн дарга сайд байх нь маш буруу, үүнээс болж хараат бус байх чанар алдагддаг учраас үүнийг анхаарах хэрэгтэй” гэв.Нийт оролцогчдоос гарсан саналуудыг нэгтгэж үзвэл дараах асуудлуудад анхаарал хандуулж, цаашдын үйл ажилдаа тусгаж ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.
Үүнд:
-Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ач холбогдол, давуу талыг нийтэд сурталчлах,
-Ажил олгогч, мэргэжлийн холбоодын төлөөллийг шинжээчээр бэлтгэж, ажиллуулах,
-Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг төрөл /ХМИ, УМИ/, түвшин /бакалавр, магистр, доктор/ -ээр уялдаатай боловсруулах,
-Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлах,
-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох ажил удаашралтай байгаа,
-Ижил төстэй хөтөлбөр хэрэгжүүлэгчийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа сул,
-Ихэнх сургуулиуд сургалтын хөтөлбөрийн журам, хөтөлбөрийн хороог шинэчлэн байгуулаагүй,
-Хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын алба, нэгжгүй, хариуцсан мэргэжилтэнгүй,
-Хөтөлбөр ил тод бус, нэг тэнхим, цөөн багш хичээлийг өмчилдөг, бусад хөтөлбөрүүдтэй уялдаа холбоо байхгүй,
-Өөрийн үнэлгээний тайланд өгсөн зөвлөмжийн дагуу хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгжүүдийн эргэх холбоо байхгүй,
-Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд болох төгсөгчид, хөтөлбөр хэрэгжүүлэгч тэнхим, багш нарыг бүрэн оролцуулах,
-Мэргэжлийн зөвлөлийн бие даасан байдлыг ханган ажиллах эрх зүйн зохицуулалт хийх,
-Суралцахуйн хүрэх үр дүн нь хөтөлбөрийн нэр, индекстэй хэрхэн уялдах, ижил нэр, индекстэй өөр шатлалын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн ялгаа, төрөлжсөн болон нарийвчилсан нэг чиглэлд хамаарах хөтөлбөрүүдийн нийтлэг суралцахуйн хүрэх үр дүн зэргийг тодорхой болгох,
-Магадлан итгэмжлэлийн тэргүүн туршлага, үр дүнг мэргэжлийн зөвлөлийн гишүүдтэй хуваалцах, чадавхжуулах, шинжээчийн багт хамруулах;







