ДОКТОР С.БАТДУЛАМ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ЧАНАРЫН СҮЛЖЭЭ (APQN) БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР СОНГОГДЛОО

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн Судалгаа, хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор С.Батдулам (Ph.D.) Ази-Номхон далайн орнуудын чанарын сүлжээ (Asia-Pacific Quality Network /APQN) байгууллагын Захирлуудын 7 дугаар зөвлөлийн гишүүнээр 4 жилийн хугацаатай сонгогдлоо. Шинэ зөвлөл нь дарга, дэд дарга, 4 гишүүнтэйгээр ажиллах бөгөөд даргаар Бутан Улсын Боловсролын яамны Чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлийн хэлтсийн зөвлөх, ноён Нар Бахадур Райка, Дэд даргаар ОХУ-ын Олон нийтийн магадлан итгэмжлэлийн үндэсний төвийн дэд захирал, доктор Галина Мотова нар сонгогджээ. Шинээр сонгогдсон зөвлөл 2022 оны 11 дүгээр сард Сингапур Улсад зохион байгуулагдах APQN сүлжээний Жил тутмын ерөнхий хурлын дараа үүрэгт ажилдаа орох юм.

APQN нь ашгийн төлөө бус төрийн бус байгууллага бөгөөд Ази-Номхон далайн бүсийн дээд боловсролын чанарыг сайжруулах зорилгын төлөө ажилладаг. Тус байгууллага нь байгуулагдсанаас хойших 19 жилийн хугацаанд 45 орны 253 гишүүн байгууллагыг эгнээндээ элсүүлж, Ази-Номхон далайн бүс нутгийн хамгийн том, нэр нөлөө бүхий олон улсын дээд боловсролын байгууллага болж чаджээ. APQN нь бүс нутагтаа чанарын баталгаажуулалтын механизмыг сайжруулах, онол, практикийн туршлага солилцох, хамтын ажиллагааг дэмжих зэрэгт онцгой үүрэг гүйцэтгэн ажилладаг.



Доктор С.Батдуламд БМИҮЗ-ийн хамт олны өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүсье!