Дээд боловсролын хамгийн гол үйл ажиллагаа нь судалгааны ажлаас гадна багшлахуй, суралцахуй билээ. Макао Политехник Институт /MPI/ болон Ази-Номхон далайн чанарын сүлжээ /APQN/ хамтран 13 дахь удаагийн Дээд Боловсролын Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурлыг "Цар тахлын дараах үеийн боловсролын инновац болон багшлахуйн чанарын баталгаажуулалт" сэдвийн дор 2021 оны 11-р сарын 22-23-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулах гэж байна.
Бүс нутагт дээд боловсролын хөгжлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор MPI нь 2009 оноос хойш дээд боловсролын хүрээний өөр өөр сэдвүүдтэйгээр олон улсын хурлуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн хурал нь багшлахуйн болон суралцахуйн чанарын баталгаажуулалтад төвлөрсөн сэдвээр APQN-тэй хамтарч зохион байгуулагдаж байгаа 7 дахь удаагийн олон улсын хурал болж байна. Хурлын зорилго нь дээд боловсролын салбарын эрдэмтэн, судлаач нар хоорондоо санал, санаачилгаа солилцон Макаогийн сайн туршлагаас санаа авч хамтран ажиллах боломжийг нээж өгөхөд оршино. Хурлын үеэр дэлхийн олон орны олон салбарын төлөөлөл болсон мэргэжилтнүүд өөрсдийн үзэл бодол, туршлагаа хуваалцах илтгэл, хэлэлцүүлэг, зэрэгцээ үйл ажиллагаа, воркшоп, зочны яриа, экспертүүдийн панел хэлэлцүүлгүүд болно. Өмнөх удаагийн хурлуудын үеэр Их Британи, Португал, Австрали, Шинэ Зеланд, Турк, Энэтхэг, Шри Ланк, Индонези, Хятад зэрэг улсуудын нэр хүндтэй их сургуулиуд болон чанарын баталгаажуулалтын байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд илтгэж тавьж оролцож байсан.
Хураангуй (abstract) хүлээн авах
Хураангуйг хүлээн авах сүүлийн хугацаа 2021 оны 10-р сарын 15-ны өдөр болж сунгагдлаа. Бүртгүүлэхийг хүсвэл тус өдрөөс өмнө цахим формыг ЭНД дарж бөглөнө үү.
Эрдэм шинжилгээний хурлын сэдвүүд :
1. Цар тахлын дараах дээд боловсролын инновацын онол ба практик
2. Цар тахлын дараах дээд боловсролын багшлахуй болон суралцахуйн чанарын баталгаажуулалт
3. Дээд боловсролын байгууллагуудын цахим боловсрол олгох стратеги, туршлага
4. Цахим боловсролын чанарын баталгаажуулалт
5. Үр дүнд суурилсан багшлахуй, суралцахуй
6. Оюутнуудын мэргэжлийн чадварын үнэлгээ
7. Багшлахуй, суралцахуйг хөгжүүлэхэд мэдээллийн технологи нэвтэрсэн байдал
8. Цахим боловсролын үед багш нарын мэргэжлийн ур чадварын хөгжил
9. Цар тахлын дараах үед оюутнуудын олон улсын шилжилт хөдөлгөөнд гарах өөрчлөлт, хөгжил
10. Чуулганы гол сэдэвт холбогдох бусад сэдвүүд
Бүртгэл, хураамж
Хуралд бүртгүүлэхэд үнэгүй.