
"Боловсролын магадлан итгэмжлэл" хянан магадлагаа бүхий сэтгүүлийн эхний өгүүлэл нийтлэгдлээ. Та бүхэн танилцана уу.
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ХОЛИМОГ СУРГАЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙН ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ
С. Батдулам (Ph.D)
БМИҮЗ-ийн судалгаа хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн
Б. Оюунчимэг
БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэл хариуцсан шинжээч
О. Янжмаа (Ph.D)
БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал
Б. Соёлмаа
БМИҮЗ-ийн дотоод аудит, байгууллагын чанарын баталгаажуулалт хариуцсан шинжээч
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр танхимын хичээлийг 2020 оны 11 дүгээр сараас түр хугацаагаар зогсоож, оюутан суралцагчдад онлайнаар суралцах боломж бүрдүүлэх тухай БШУC-ын тушаал (A/151) гарсан билээ. Хөл хорионы үед багшлахуй, суралцахуйг тасралтгүй, чанартай зохион байгуулахад технологийн хөгжил ихээхэн хувь нэмэр оруулах нь гарцаагүй.
Гэнэтийн үүссэн нөхцөл байдлыг үл харгалзан, дээрх тушаалын дагуу дээд боловсролын сургалтын байгууллагууд онлайн сургалтыг зохион байгуулсан. Гэвч, дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бүтэц, технологийн хүрэлцээ, хангамжаас шалтгаалан онлайн сургалтын чанар, хүртээмж харилцан адилгүй байна.
Цар тахлын үеийн хөл хориог сулруулж, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн ДБСБ-ууд аажмаар танхимын сургалтад шилжсэн билээ. Зарим сургууль долоо хоногоор ээлжлэн цахим, танхимаар хичээллэх хуваарь гарган ажилласан. Сургалтыг цахим, танхимаар хослуулан зохион байгуулах энэхүү хэлбэрийг “холимог сургалт” хэмээн нэрийддэг (Lim et al., 2019).
Энэхүү судалгаагаар Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагууд холимог сургалтын хэрэгжилтээ хэрхэн үнэлж байгааг судлахыг зорив. Уг зорилгын хүрээнд бид судлаач Lim, Wang нарын (2017) боловсруулсан өөрийн үнэлгээний загварыг ашиглан өгөгдөл цуглуулав. Дээд боловсролын сургалтын байгууллагын холимог сургалтын хэрэгжилтийн өөрийн үнэлгээний загвар нь 1) алсын хараа ба философи, 2) сургалтын хөтөлбөр, 3) мэргэжлийн хөгжил, 4) суралцахуйн дэмжлэг, 5) дэд бүтэц, тоног төхөөрөмж, нөөц, дэмжлэг 6) бодлого ба байгууллагын бүтэц, 7) түншлэл, 8) судалгаа ба үнэлгээ гэсэн стратегийн 8 хэмжүүртэй.
Бид холимог сургалтын хэрэгжилтийн өөрийн үнэлгээний загварыг Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн 73 их, дээд сургуульд илгээсэн бөгөөд үүнээс 49 нь өөрийн үнэлгээг хийснээр энэхүү судалгаанд оролцсон юм. Судалгаанд оролцогч 49 их, дээд сургуулийн 16 нь төрийн өмчийн 33 нь хувийн өмчийн сургууль байв. Тэд холимог сургалтын хэрэгжилтээ дээрх 8 хэмжүүрийн хүрээнд дараах 4 түвшнээр үнэлсэн юм. Үүнд: a) 0-Бодолцож байгаа, б) 1-Эхлүүлж байгаа, в) 2-Нэвтрүүлж байгаа, г) 3-Өөрчилж байгаа. Бид судалгааны өгөгдлийг 2021 оны 9, 10 дугаар сард цуглуулж, SPSS 23.0, Excel программыг ашиглан өгөгдөлд дескриптив шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнг ерөнхийлөн харахад оролцогч дээд боловсролын сургалтын байгууллагуудын холимог сургалтын хэрэгжилт нь 7 хэмжүүр дээр 2 дугаар буюу хэрэгжүүлж байгаа түвшинд, харин 1 хэмжүүр дээр 1 буюу эхлүүлж байгаа түвшинд байна. Холимог сургалтын хэрэгжилтийн энэхүү өөрийн үнэлгээ нь дээд боловсролын сургалтын байгууллагуудыг практик туршлагаа эргэн харах, улмаар дутагдалтай талаа сайжруулахад нь чиглүүлж чадна.