"ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ СУРАЛЦАГЧДЫН ҮЗЭЛ БОДОЛ" сэдэвт өгүүлэл нийтлэгдлээ.


"Боловсролын магадлан итгэмжлэл" хянан магадлагаа бүхий сэтгүүлд шинэ өгүүлэл нийтлэгдлээ. Та бүхэн танилцана уу.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ СУРАЛЦАГЧДЫН ҮЗЭЛ БОДОЛ

С. Батдулам (PhD)

БМИҮЗ-ийн судалгаа хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн

Б. Соёлмаа

БМИҮЗ-ийн дотоод аудит, байгууллагын чанарын баталгаажуулалт хариуцсан шинжээч

Э. Боролдой

Дорнод их сургуулийн багш

 О. Янжмаа (PhD)

БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал

Б. Оюунчимэг

БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэл хариуцсан шинжээч

Хураангуй

Сүүлийн үед дэлхий нийт дээд боловсролын чанарын баталгаажуулалтын асуудалд ихээхэн анхаарч байна. Манай улсын хувьд Боловсролын тухай хуульд 2016 оны нэмэлт өөрчлөлтөөр чанарын баталгаажуулалттай холбоотой зарим зүйлийг нэмсэн  нь уг асуудалд анхаарал хандуулж буйн илрэл бөгөөд дээд боловсролын сургалтын байгууллагууд багшлахуй, суралцахуйн чанарыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрийн чанарыг баталгаажуулах, магадлан итгэмжлүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байна. Энэ нь төгсөөд ажлын байрын шаардлагад нийцэн ажиллах суралцагчдын боломжийг нэмэгдүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад хувь нэмэр оруулж буй хэрэг юм. 

Багшлахуй, суралцахуйн чанарыг хангаж ажиллах, суралцагчдын төгсөөд ажлын байртай болох боломжид дээд боловсролын сургалтын байгууллагын олон хүчин зүйлс нөлөөлөх нь гарцаагүй. Тиймээс энэхүү судалгаагаар их сургуулийн хүчин зүйлс нь суралцагчдын цогц чадамж хийгээд төгсөөд ажлын байртай болох боломжид хэрхэн нөлөөлдгийг олж тогтоохыг зорив. Уг зорилгын хүрээнд бид судлаач Gora нарын (2019) боловсруулсан судалгааны асуулгыг авч ашигласан. Асуулга нь 8 хэмжүүртэй: 1) дэд бүтэц, тоног төхөөрөмж, 2) сургалтын үйл явц/агуулга, 3) багшлах бүрэлдэхүүн, 4) багшлахуй ба суралцахуй, 5) судалгааны үйл ажиллагаа, 6) практик үйл ажиллагаа, 7) суралцагчдын мэдлэг, чадвар, чадамж, 8) төгсөгчдийн ажил эрхлэлт зэрэг юм. Эдгээр хүчин зүйлс нь суралцагчдын цогц чадамж болон төгсөөд ажил эрхлэх боломжид хэр зэрэг нөлөөлж буйг тогтоохын тулд бид 8 таамаглалыг дэвшүүлсэн.

Энэхүү судалгаанд төрийн өмчийн 6 их сургуулийн төгсөх ангийн 502 суралцагчийг хамруулан өгөгдөл цуглуулсан. Судалгааны өгөгдөлд SPSS 25.0, Excel 2019, SmartPLS3.3.3 программуудыг ашиглан боловсруулалт хийж, үр дүнг нэгтгэн гаргасан. Судалгааны үр дүнгээс харахад бидний дэвшүүлсэн 8 таамаглалын 5 нь батлагдаж, 3 нь няцаагдав. Тодруулбал, сургалтын үйл явцын чанар нь суралцагчдын цогц чадамжид нөлөөлдөг гэсэн таамаглал няцаагдахын хамт судалгааны үйл ажиллагаа болон сургуулийн дэд бүтэц нь суралцагчдын төгсөөд ажил эрхлэх боломжид нөлөөлдөггүй гэсэн сонирхолтой үр дүн харагдаж байна.

Дэлгэрэнгүйг