Дээд боловсрол бол зөвхөн өөртөө биш нийгэмд үйлчилдэг механизм юм

 

Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн олон улсын зөвлөх, Магадлан итгэмжлэлийн олон улсын зөвлөх, ОУДБЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Армен улсын Чанарын байгууллагын магадлан итгэмжлэх комиссын ерөнхийлөгч ДБ, НҮБ-ийн шинжээч  Сузанна Караханянтай ярилцлаа. Монголын дээд боловсролын системийн алдаа дутагдал, ололт амжилтын талаар Армен мэргэжилтэн илэн далангүй ярьсан юм.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Яриагаа таны өөрийн оронд хийж байсан ажил мэргэжлийн талаар эхлүүлье?  

-Миний хувьд улсынхаа магадлан итгэмжлэлийн үндэсний байгууллагыг шинээр байгуулж эхнээс нь удирдаж явсан. Байгуулагдсанаас хойш таван жилийн дараа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Бусад улс орнуудын ижил төстэй байгууллагуудын туршлагатай харьцуулахад маш богино хугацаанд амжилтанд хүрсэн.Үүнээс гадна хувиараа дээд боловсролын засаглал, удирдлага, чанарын баталгаажуулалт чиглэлээр зориуд сонирхож сүүлийн 15 жил олон улсын практикийг харьцуулан судалгаа хийж байгаа.

-15 жилийн судалгаанаас ямар нийтлэг зүйл ажиглагдсан бол? 

-Улс орон бүр дээд боловсролын чанарын шинэ механизм бий болгох гэж олон ажил, оролдлого хийж байна. Төр засгийн хэмжээнд, их дээд сургуулиуд өөрсдөө чанарын ахиц, амжилтанд хүрэхээр хүчин чармайлт гаргасан тохиолдолд өөрчлөлт гарна. Сургуулиуд өөрсдөө дотооддоо чанараа хянаж ахиулахаар бүтэц, албад бий болгож ажиллаж байгаа нь үр дүнд хүрч байна. Зөвхөн дээд удирдлагаас гарсан шийдвэр хэзээ ч амжилтанд хүрэхгүй хоосон хөндий зүйл. Миний ажиллаж байсан орнуудын алинд ч чанарын тухай шинэ төсөөлөл, байр суурь, соёл ерөөсөө байгаагүй.  Энэ бүхэн хэлбэржиж системд орох үйл явц улс орнуудад дунджаар наад зах нь 10 жил шаарддаг юм шиг санагдсан. Хэрвээ сургуулийн төвшинд хүчин чармайлт гаргахгүй бол 20 жил болсон ч үр дүнгүй хэвээр байгаа тохиолдол ч бий.  

-Монгол улсад хамгийн их тулгамдаж буй асуудал болох дээд боловсролын шинэчлэлийн төсөл дээр та зөвлөхөөр ажиллаж байна. Боловсролын чанарын баталгаажуулалтын талаар таны бодол?

-Аль ч улс орон өөрийнхөө боловсролын систем ялангуяа дээд боловсролын чанарыг баталгаажуулахын тулд өөр, өөрийн гэсэн өвөрмөц тогтолцоотой байдаг. Монгол Улсын хувьд 15 жилийн өмнөөс ийм системийг шинээр бий болгож. Харьцангуй бие даасан хөндлөнгийн баталгаажуулалт, үнэлгээний систем бий болгох суурийг нь тавьжээ. 15 жилийн турш хөгжлийн үе шаттайгаа уялдаа холбоотой онцлогтой ажиллаж иржээ гэж ажиглагдсан. Энэ хугацаанд Монгол Улсын боловсролын систем бүхлээрээ  маш том өөрчлөлтөнд орж хэмжээний хувьд томорч тэлжээ. Ялангуяа хувийн секторт бодитой нэг хэсэг төрж бойжиж байгаа юм байна.Ийм учраас энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага зайлшгүй шаардлагатай. Гэхдээ энэхүү чанарын үйлчилгээ арай өөр өнгө аяс, зорилготой явж ирсэн нь харагдлаа.

-Ямар өнгө аяс ажиглагдсан бэ?

-Энэ үйлчилгээг авсан олон байгууллагын төлөөлөгчтэй уулзсан. Ялангуяа шинээр байгуулагдсан сургуулиудын хувьд бүтэц, зохион байгуулалт, хэлбэрээ олоход энэ чиглэлийн үйл ажиллагаа дэмжлэг үзүүлэх ёстой. Ерөнхийдөө Монгол Улсад дээд боловсролын чанарын тухай соёл бий болох үйл явц бүрэн дуусаагүй. Гэхдээ дээд боловсролын систем дараагийн үе шат руу шилжиж байна. Үүнтэй холбоотой өнөөдрийг хүртэл магадлан итгэмжлэл хийж байсан байгууллагын талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэхүү шилжилтийн өмнө системийг бүхэлд нь иж бүрнээр нь шинжилж, дүн шинжилгээ хийснээр цаашдын хөгжлийн дүр төрхийг тодорхойлох шаардлагатай. Ингэж шинэчлэх хэрэгцээгээ төр засгийн зүгээс ч, олон нийт, их, дээд сургуулиуд, суралцагчид мэдэрч өөрчлөлт хийхээр үүрэг даалгавар авч байна.

-Системийг бүхэлд нь бүрнээр шинэчлэх шаардлагатай гэж та хэллээ. Шинэчлэлийг хаанаас нь эхлүүлэх гарц байна вэ?

- Миний харж байгаагаар системийн хэмжээнд хоёр том асуудал байна. Эхнийх нь чанарыг баталгаажуулах маш олон механизмыг бий болгох. Тусгай зөвшөөрөл, салбарын яамны аттестатчлал, магадлан итгэмжлэх байгууллагын үйл ажиллагаа, мэргэжлийн хяналтын байгууллага , аудитын газрын шалгалт гэх мэт. Гэхдээ энэ болгоныг өөр, өөр байгууллага хийдэг учраас үр нөлөө нь маш ойлгомжгүй. Хоорондоо уялдаа холбоо багатай, нийлж систем болж нэг нь нөгөөхөө гүйцээхгүйгээр, биеэ давтсан байдалтай байна. Эцсийн дүндээ сургуулийн чанарыг сайжруулах ахиулах гэсэн үндсэн чиг үүргээсээ эсрэг  дарамтлах маягтай харагдаж байна.

-Их, дээд сургуулиудын чанарын механизм ямар төвшинд байгаа гэж та дүгнэх вэ?

-Дээд сургуулиудын чанарын тогтолцоо хэд, хэдэн сүрхий сорилттой тулгарч байна. Энэ нь үндэсний хэмжээнд нийтийг хамарсан сорилт юм. Юу гэхээр дээд боловсролын үйлчилгээ өдрөөс өдөрт тэлж байгаа зах зээлийн эрэлтэд хэр нийцэж байна вэ. Үүнд нийцэхэд нь дэм болохуйц чанар хяналтын баталгаажуулалтын механизмыг сайжруулах шаардлагатай. Дээд боловсрол бол зөвхөн өөртөө биш нийгэмд үйлчилдэг. Ялангуяа огцом өсөлттэй яваа Монголын эдийн засагтай салшгүй уялдаа холбоотой. Үүнийгээ дагаад хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж байгаа. Энэ бүхэнд нийцтэй үйл ажиллагаа үзүүлэхийн тулд системийг шинэчлэх, сургуулиудыг шаардлагад хүрч ажиллахад хөшүүрэг болж өгөх хэрэгтэй. Монголд эзэмшсэн боловсрол зөвхөн дотооддоо бус олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Ингэж итгэл төрүүлэх үндэслэл нь чанарын баталгаажуулалт. Чанарын баталгаа хийж байгаа энэ үйл явц тогтоц нь өөрөө олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой.

-Монголын их, дээд сургуулиуд гадны улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөх алхмаа эхлүүлчихсэн шүү дээ?

-Монголын боловсролын систем цаашдаа яаж явах ёстой гэдэг зам гаргаж байгаа сайн туршлагууд бий болж эхэлжээ. Сургуулиудын өөрсдийн санаачлагаар олон улсын магадлан итгэмжлэлийг эхнээсээ авсан. Магадлан итгэмжлэлийн ач холбогдлыг эдгээр байгууллагууд юунаас илүү ойлгож мэдэрч өөрсдөө санаачлагаараа хандаж байгаа нь маш сайн туршлага. СЭЗДС, МУИС-ийн ЭЗС албан ёсоор олон улсад магадлан итгэмжлэгдсэн. ЭМШУИС-ийн эмчилгээний хөтөлбөрүүд бүсийн хэмжээнд магадлан итгэмлэгдсэн. Дөнгөж саяхан ШУТИС-ийн цахилгааны инженерийн хөтөлбөрүүд Европын албан ёсны байгууллагаар баталгаажуулагдлаа. ШУТИС-ийн КТМС-ийн хөтөлбөр болон бизнесийн удирдлагын хөтөлбөр магадлал итгэмжлэгдэх шаардлагыг хангасан гэсэн дүгнэлт гарсан байсан.

-Мэдээж эдгээр сургуулиудыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд Боловсролын магадлан итгэмжлэх зөвлөлийн зүгээс дэмжлэг туслалцаа байсан байх. Нөгөө талаар энэ байгууллагын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд цаашид ямар ажил хийх ёстой бол?

-Цаашид олон сургууль, хөтөлбөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай. Үүнд үндэсний магадлан итгэмжлэх байгууллагын үүрэг оролцоо маш өндөр. Магадлан итгэмжлэх байгууллагын  үйл ажиллагаа, стандарт шаардлага олон улсын ижил төстэй байгууллагтай адилхан байж эн тэнцүү гэдгээ харуулах ёстой. Үндэсний магадлан итгэмжлэх байгууллагын анхаарах зүйл бол  хэдийгээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ёстой ч Монголын хэв шинжээ хадгалах хэрэгтэй. Ингэхийн тулд өмнөхөөсөө илүү гарч чанарын өөр төвшинд очих шаардлагатай. Байнга өөрчлөгдөж байгаа хөдөлмөрийн зах зээлтэй нийцүүлэх гэдэг том сорилт байгаа. Дээд боловсролын хэрэглээ хэрхэн өөрчлөгдөж байгааг хамгийн сайн мэдэх хүмүүс нь мэргэжлийн холбоод юм. Мэргэжлийн холбоодын оролцоог хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийхдээ маш хүчтэй  татан оролцуулах ёстой. Энэ том хүч бүрэн оролцохгүйгээс холбоос тасраад байна. Тийм ч учраас сургалтын хөтөлбөр, ажил олгогчийн хүсч буй хэрэгцээтэй нийцэхгүй байна.

-Энэхүү онцгой шаардлагатай байгаа холбоосыг хэрхэн нийцүүлэх вэ?

- Гол шийдэл нь мэргэжлийн холбоод, сургуулийн эрдмийн хамт олонг нийлүүлсэн хамтарсан хөтөлбөрийг хянадаг албажуулдаг механизм хэрэгтэй. Үүнд эхлэл явагдаж байгаа нь харагдсан. Гэхдээ бүх чиглэлд өргөтгөж бүхий л хөтөлбөрт энэхүү хамтын ажиллагааг тусгах хэрэгтэй. Олон бүлгийн төлөөлөлтэй уулзаж байхад нийтлэг ажиглагдсан зүйлээ гурван түвшинд хувааж дүгнэсэн. Мэргэжлийн сургалтын хөтөлбөр, сургуулиудын хувьд, Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хэмжээнд гэж хувааж үзэж болно. Хөтөлбөрийн төвшинд төгсөгч нь ажил олгогчийн шаардлага бүрэн хангахад зайлшгүй шаардлагатай ерөнхий ур чадвар болох шүүмж сэтгэлгээ, багаар ажиллах, харилцааны соёл, ямар ч дээд боловсролтой хүнд байх ёстой нийтлэг ерөнхий чадвар дутмаг байна.

-Их дээд сургуулиудын төвшинд...?

-Сургуулиуд санхүүжилттэй холбоотойгоор зохион байгуулалт нь маш хүнд байдалтай байна. Дээд боловсролын байгууллагын зардлын бүтцийг авч үзвэл 80 гаруй хувь нь зөвхөн цалин хөлс, нийгмийн даатгалд, үлдсэн 20 хувь нь барилга байгууламжийн ашиглалтын зардалд явдаг. Ингэхээр цаана нь эрдэм судалгааны ажил, сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, чанарын өөрчлөлт гарах төсөв үлдэхгүй байна. Бүтэц, чадавх, нөөц ч алга. Иймд их, дээд сургуулиуд орлого олох олон эх үүсвэр олж баяжуулах, зардлын хуваарилалтанд өөрчлөлт хийх шаардлагатай.   

-Нэгэнт олон жил ингээд яваад ирчихсэн гээд орхиж болохгүй байх. Хэрхэн засах ёстой вэ?

- Үүнийг систем болгож засах ёстой. Давхардлыг арилгах ёстой. Сургуульд туслаж чанарыг нь дээшлүүлэхэд туслах хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр магадлан итгэмжлийн үйл явц өөрөө сургуулиудыг үйл ажиллагаагаа хэрхэн өөрчилж өөр төвшинд гаргах вэ гэдэгт зөвлөмж заавал гаргаж байдаг. Сургуулиуд жил бүр ахиц дэвшлийн тайлан өгч байгаа ч үр дүнтэй биш.  Магадлан итгэмжлэлийн зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгаж ахиц гаргая гэж эрмэлзээд болж болохгүйдээ дүгнэлт хийж илэрхийлж байгаа байдал харагдахгүй байна.