"ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ШАЛГУУР, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ БОЛОН ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ" кейс судалгаанд оролцогч 6 улсын үндэсний багуудын нэгдсэн уулзалт болж өндөрлөв.

Токиогийн Конвенцийн оролцогч талуудын кейс судалгаа, экспертийн уулзалтад оролцогчдод амжилт хүсье

2015 онд улс орнууд хэнийг ч орхигдуулахгүйгээр насан туршид суралцах боломжийг сурталчилж, эрх тэгш оролцоотой, чанартай боловсролоор хангах боловсролын зорилго (ТХЗ4)-г Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой Хөгжлийн Зорилго 2030-д дэвшүүлж, хэрэгжүүлэхээр харилцан санал нэгдсэн. Мөн түүнчлэн дээд боловсролтой холбоотойгоор ТХЗ 2030 нь хүртээмжтэй техникийн, мэргэжлийн, дээд боловсролыг эзэмших тэгш бололцоог бүрдүүлэх (ТХЗ4.3), хөгжиж буй орнуудад дээд боловсролын тэтгэлгийн цар хүрээг тэлэх (ТХЗ4б)-г зорьж байна.

Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Конвенц (Tokyo Convention) болон 2019 оны олон улсын конвенц (Global Convention) нь олон улсын академик шилжилт хөдөлгөөний түлхэц болж, хувь хүмүүс Ази, Номхон далайн бүсэд болон дэлхийн хэмжээнд шударга, ил тод, үл ялгаварлан гадуурхах байдлаар дээд боловсролын зэргээ үнэлүүлэх эрхийг сурталчлан дэмжихээр бүтээгдсэн. Дээр дурдагдсан конвенцууд нь улс хоорондын оюутан, багш, судлаач, боловсон хүчин солилцоог хөнгөвчлөх замаар Ази, Номхон далайн бүсэд болон дэлхийд дээд боловсролыг илүү хүртээмжтэй, өргөн цар хүрээтэй болгох зорилготой.

Дээд боловсролын салбарын хил дамнасан шилжилт хөдөлгөөн нь Ази, Номхон далайн болон бусад бүс нутаг дахь дээд боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хангахад чухал үүрэгтэй. Гэвч Ази, Номхон далайн орнуудын дээд боловсролын сургалтын байгууллагуудын элсэлтийн стандарт шалгалтууд болон дунд боловсролын гэрчилгээ, дипломын талаарх тодорхой бүтэцтэй мэдээлэл нь хязгаарлагдмал байдаг.

Токиогийн Конвенцийг нийтлэг арга хэрэгсэл болгон ашиглаж байгаа энэ үед конвенцийн оролцогч талуудын зүгээс дээд боловсрол эзэмших шалгууруудыг хүлээн зөвшөөрөх замаар оюутнуудын гадаад шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх маш том боломжтой. Үүний тулд талуудын дунд боловсролын гэрчилгээ, стандарт шалгалтууд зэрэг нь дээд боловсролын элсэлтийн тогтолцоонд ямар үнэлэмжтэй байдаг талаар илүү сайн ойлголттой байх хэрэгтэй. Ялангуяа дунд сургуулийн төгсөгчид аль нэг гадаад орны боловсролын тогтолцоонд нэвтрэх шаардлагатай болох тохиолдолд ийнхүү мэдээлэлд суурилсан харьцуулалт хийснээр цаашлаад энэ нь хил дамнан харилцан хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ.

Түүнчлэн зарим улс орнуудын өндөр шалгууртай элсэлтийн шалгалтууд, мөн энэ талын бодлого, туршлагын талаар мэдээлэл хуваалцах байдал сул байгаа гэхчилэн Ази, Номхон далайн бүс нутгийн дээд боловсролын элсэлтийн бодлогын ялгаатай байдал нь үндэстэн хооронд харилцан дээд боловсролын тогтолцоогоо хүлээн зөвшөөрөх ил тод, үр бүтээмжтэй байдлыг бууруулж, удаашруулж байна.

2011 оны Токиогийн Конвенцийн хэрэгжилтийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сард Ази, Номхон далайн бүсийн орнуудын Үндэсний Мэдээллийн Төвүүдийн Сүлжээ /APNNIC/-н шинэ портал гарсан нь конвенцид оролцогч талууд өөрсдийн шинэ мэдээ мэдээллийг хуваалцах нэгдсэн орон зайг бий болгосон. Мөн Ази, Номхон далайн бүс нутагт ил тод байдлыг нэмэгдүүлж, мэдээлэл солилцож, харилцан ойлголцолд хүрч, түншлэлийн харилцааг сайжруулах шаардлагатай хэвээр байна. Энэхүү шаардлагыг харгалзан ЮНЕСКО-н Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын товчоо нь Токиогийн Конвенцийн хороо болон APNNIC-ийн нарийн бичгийн дарга нарын газрынхаа хувьд Дээд Боловсрол Эзэмших Шалгуур, Бүрэн Дунд Боловсролын Гэрчилгээ Болон Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг Хүлээн Зөвшөөрөх талаар судалгааны ажлыг эхлүүлж байна. Энэхүү судалгааг бүс нутаг дахь уялдаа холбоонд суурилсан дээд боловсролын шилжилт хөдөлгөөнийг сайжруулахад дээд боловсролын тогтолцооны ил тод, харьцуулахуйц, нийцтэй байдлыг нэмэгдүүлж чадах эхлэлийн цэг гэж үзэж байна.

Дээр дурдсан судалгааны ажилтай холбогдуулан экспертүүдийн анхны буюу нэгдүгээр уулзалтыг судалгаанд хамрагдаж буй APNNIC-н гишүүн 6 оронд зориулан зохион байгуулж чиглүүлэх шаардлага гараад байна. APNNIC-н гишүүн орон тус бүр үндэсний судалгааны тайланг (судалгааны нийтлэг загварт үндэслэн) боловсруулах бөгөөд энэ нь бүс нутгийн синтез тайлангийн үндэс суурь болох юм.