“ЕХ БОЛОН АЗИЙН ОРНУУДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗЭРГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХҮРЭЭНД АЖИЛЛАХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” ХУРАЛ ЗӨВЛӨГӨӨНД БМИҮЗ-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХАНОЙ ХОТНОО ОРОЛЦЛОО

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн төлөөлөл 10-р сарын 3-6-ны хооронд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотноо зохион байгуулагдсан “ЕХ болон Азийн орнуудын дээд боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх салбарын олон улсын хүрээнд ажиллах чадварыг дээшлүүлэх” хурал зөвлөгөөнд оролцов.

Тус хурал нь Эрасмус+ сангийн санхүүжилттай РЕКО Ази төслийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулагдсан ба төслийн зорилго нь Ази болон Европын орнууд хоорондын Дээд боловсролын зэрэг, мэргэшлийг хүлээн зөвшөөрөх явцыг сайжруулах замаар шилжилт хөдөлгөөнийг дэмжихэд оршино.

Хурал 3 сэдвийн дор зохион байгуулагдсан ба тэдгээр нь: 1) Европын Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх систем, Ази дах Дээд боловсролын систем, аргачлал, 2) ЮНЕСКО-ын зүгээс Мэргэшил Хүлээн Зөвшөөрөх Тухай Дэлхийн Конвенцтой холбоотойгоор Азийн Дээд боловсролын талаарх хэтийн төлөв ба 3) Дүрвэгсэд, цагаачдын мэргэшлийг хүлээн зөвшөөрөх, үнэлэх тухай гэсэн 3 чухал сэдэв байв.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази-Номхон далайн бүс нутгийн 2011 оны Конвенцод хүлээсэн үүргийн хүрээнд Үндэсний Мэдээллийн Төвийн чиг үүргийг хамааран ажилладаг бөгөөд Европын Холбооны Эрасмус+ сангийн санхүүжилттэй РЕКО Ази төслийг 2019 оноос хойш хэрэгжүүлж байна. Цар тахлын улмаас төслийн талууд биечлэн уулзалдах боломжгүй байсан ба төслийн хэрэгжилтээс хойш анх удаагаа нэгдсэн уулзалт зохион байгуулсан нь энэ юм.