Магадлан итгэмжлэх байгууллага гол үүргээсээ гадна зөвлөгөө өгөх, чанарын сургалт зохион байгуулах чадамжтай болох ёстой

Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөх Рэгсүрэнгийн Бат-Эрдэнэтэй магадлан итгэмжлэх байгууллагын талаар ярилцсан ярилцлагыг нийтэлж байна.

 -Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 15 нас хүрлээ. Энэ хугацаанд хууль эрхзүйн болон үйл ажиллагаа, хүний нөөцийн хувьд хэрхэн тогтворжиж чадсан гэж та дүгнэх вэ?

-Магадлан итгэмжлэхийн үндэсний зөвлөл бол чанарын баталгаажуулалтын хөндлөнгийн үнэлгээ хийдэг байгууллага. Үндсэн үүргээ биелүүлэхийн тулд тодорхой хэмжээний бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах баталгаатай байх ёстой. Ингэснээр энэ байгууллагын үйл ажиллагаа бусад эрх мэдэл ашиг сонирхлоос ангид хамгийн бодит дүгнэлт гаргах боломжтой. Гаргасан дүгнэлт нь хүмүүст итгэл төрүүлэх ёстой. Үүнтэй холбоотойгоор энэ байгууллагын эрх зүйн болон бие даасан байдал хууль ёсны статусыг тодорхой болгох шаардлагатай.

15 жил ажилласан гэхэд энэ байгууллага төрийн байгууллага ч биш, төрийн бус байгууллага ч бус. Хэрхэн байгуулсан нь ч асуултын тэмдэгтэй. Боловсролын яам байгуулсан хэдий ч ямар нэгэн байгууллага байгуулах эрх хуулиар олгогдоогүй. Эрхзүйн байдлыг тов тодорхой болгох хэрэгтэй.

 

-Гадны улс орнуудын хувьд статус нь ямар байдаг юм бол?

-Олонх тохиолдолд бие даасан мэргэжлийн маш хүчтэй төрийн бус байгууллага байдаг. Үүнтэй холбоотой энэ байгууллагыг удирддаг, гол шийдвэр гаргадаг Үндэсний зөвлөл ямар бүрэлдэхүүнтэй байх вэ. Одоогийн байдлаар БШУ-ны сайд өөрөө ахалдаг, багаа бүрдүүлдэг хуулийн зохицуулалттай.  Дээд боловсролын чанарын төлөө санаа тавьдаг, үндсэн эрх ашиг нь хамаарч хөндөгдөж байдаг талуудын төлөөлөл тэнцвэртэй орох ёстой. Үүнд их, дээд сургуулиудын удирдлагууд, мэргэжлийн холбоод, оюутнуудын төлөөлөл байх ёстой. Хүн ам цөөхөн учраас ялангуяа мэргэжлийн төвшинд бүр бага учраас бие биеэ сайн таньдаг. Ийм учраас ашиг сонирхлын үүднээс янз бүрээр дүгнэлт гаргахад бие биедээ нөлөөлдөг субъектив хүчин зүйлүүд бий.

-Ашиг сонирхлын зөрчил энэхүү нөлөөллөөс хэрхэн ангижрах ёстой вэ?

- Тодорхой хэмжээнд саармагжуулах, бодитой үнэлгээ өгөхийн тулд эхний ээлжинд үндэсний зөвлөлийн хэмжээнд гадаадын өндөр чадвартай хүлээн зөвшөөрөгдсөн ганц, хоёр мэргэжилтэн оролцуулах хэрэгтэй. Ийм практик нэвтэрчихвэл сургуулиудад ажиллах шинжээчдийн багт ч хэрэглэх шаардлагатай. Өнөөдөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн байгууллагууд маш их хэмжээний зардал гаргаж байна. Үнэлгээ хийж байгаа хүмүүс дандаа гадныхан. Тийм учраас өөрийнхөө үндэсний үнэлгээг өндөр төвшинд аваачиж болж өгвөл адилхан болгох хэрэгтэй. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд бүрэлдэхүүндээ гадны төлөөлөл оруулах шаардлагатай. Ингэснээр сургуулиудаас гарах зардлын хэмжээ ч буураад явна.

-Армен улсын магадлан итгэмжлэх байгууллага таван жилийн дотор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм байна. Манай улсын хувьд ямар орны хувилбарыг нэвтрүүлсэн юм бол?

- АНУ-ын дээд боловсролын магадлан итгэмжлэлээс санаа авсан. Өнөөдөр дэлхий дахинаа түгээмэл болчихож. Гэхдээ зарим орон үүнийг анхны мөн чанараас нь өөрчилсөн. Манай хойд хөршид гэхэд төрийн магадлан итгэмжлэл нэртэй хяналтын байгууллага болчихсон. Монголын хувьд мэргэжлийн хяналтаас тусдаа сургуулийн өөрийн санаачлагаар хандаж авдаг чанарын үйлчилгээ болгохыг зорьсон. Европын орнуудад гэхэд шал өөр харилцаа байгаа. Манайд бол сайн дурынх учраас сургууль бүр оролцох шаардлагагүй. Сургуулиуд албан ёсоор хийгддэг зүйл бол аттестатчлал. Сүүлийн жилүүдэд аттестатчлалаа голлоод магадлан итгэмжлэлээ тооцохгүй тогтолцоо гараад ирчихэж. Гэхдээ аль ч утгаараа дэлхий нийтэд байгаа энэ практик сургуульд ээлтэй илүү өр өгөөжтэй механизмийг цаашид улам боловсронгуй болгож авч явах шаардлагатай.

-Магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын тоог харахад 67 байсан. Төрийн өмчийн сургуулиуд цаад хугацаа нь 2016, хувийн сургуулиуд 2022 хүртэл магадлан итгэмжлэгдсэн байсан. Нэгэнт 2022 он хүртэл магадлан итгэмжлэгдчихсэн юм чинь гээд ахиц гарахгүй бол яах вэ?

-10 жилээр магадлан итгэмжилчихээд чанарын хувьд хүрсэн төвшингөөсөө яаж өөрчлөгдөж байна гэдэгт дүн шинжилгээ , хяналт, зөвлөх үйл явц тасралтгүй явагдаж байх ёстой. Ийм механизмийг бий болгохоор зөвлөмж боловсруулж байгаа. Чанарын шаардлага магадлан итгэмжлэгдсэн зүйлээс зөрсөн тохиолдолд цуцлах, хүчингүй болгох эрх мэдэл нь үндэсний зөвлөлд бий. Хоёр ч байгууллагын магадлан итгэмжлэл цуцалж үйл ажиллагааг нь зогсоосон тохиолдол гарсан.

-Сургуулиуд жил бүр ахиц дэвшлийн тайланг гаргаж өгч байгаа тухай Сузанна ярьсан. Гэхдээ зүгээр л үүргээ гүйцэтгэж үр дүн муутайгаар гаргаж байгааг шүүмжилж байсан?

-Сургууль өөрөө өмнөх магадлан итгэмжлэлийн явцад өгсөн зөвлөмжийг цаашид ямар ажил хэрэг болгож ямар үр дүнд хүрч байгааг буцааж тайлагнаж байх ёстой.  Гэхдээ энэ процесс сургуулийн өөрийн ашиг сонирхолд нийцсэн хүсэл эрмэлзлийн дагуу хийж хараахан чадахгүй байна. Тийм болохоор магадлан итгэмжлэлд хандаж байгаа хандлага өгч буй зөвлөмжийг үнэлж буй байдал сургуулийн эрх ашигт хэрхэн нийцэж байгааг нэг талаас бодож үзэх хэрэгтэй юм. Зарим тохиолдолд магадлан итгэмжлэгдсэн гэдэгт сэтгэл нь ханачихаад зөвлөмжөө анхаарлын гадуур үлдээчихдэг. Гэтэл хамгийн үнэ цэнэтэй зүйл нь зөвлөмж байдаг.

-Боловсролын яаманд дээд боловсролын асуудал хариуцан ажиллаж байсан туршлагатай хүний хувьд танаас асуух зүйл байна. Боловсролын салбарт байгаа энэ хяналт шалгалтын байгууллагуудын олон давхардлыг хэрхэн арилгах вэ?

-Бие биеэ давтсан байдлыг арилгаж хамгийн гол нь цөөхөн өгөөжтэй болгохыг зөвлөмжиндөө оруулсан. Сургуульд дэм болох механизмийг  илүү давамгайлсан үүрэгтэй болгох шийдэл хайж байна. Магадлан итгэмжлэх байгууллага гол үүргээсээ гадна зөвлөгөө өгөх, чанарын сургалт зохион байгуулах чадамжтай болох ёстой. Дээд боловсрол гэхээр хэдэн их, дээд сургууль биш. Өнөөдөр хүмүүс гэрээсээ онлайнаар дээд боловсрол эзэмшиж эхэллээ. Нэр хүндтэй томоохон их сургуулиуд хоорондоо нэгдэж сургалт дамжааг онлайнаар үнэ төлбөргүй явуулж кредит олгож байна. Үүнийг хувь хүмүүс ашиглаад байхад сургууль болон боловсролын байгууллагууд яагаад ашиглаж болохгүй гэж. Өнөөдөр манай их дээд сургуулиуд лаборатори, номын сан, мэдээллийн бааз дандаа хомсдолтой байгаа. Гэтэл үүнийг нөхөх бололцоо боломж нээлттэй болж шинэ арга зам гарч ирж байна.  Ийм нөхцөлд чанарын баталгааг хэрхэн олгох вэ, ямар шаардлага тавих вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй болж байна. Гэхдээ сайны хажуугаар хоосон нэр зүүсэн диплом зардаг сургуулиуд олноор бий болсон. Монголд битгий хэл Англи, Сингапурт ч байна.

-Манайхан чинь өндөр төлбөр төлөөд Англи, Сингапурыг хамгийн түлхүү сонгож байгаа шүү дээ?

-Саяхны нэг мэдээгээр үзэж байхад Англид албан ёсоор бүртгэгдээгүй зөвшөөрөлгүй 200 гаруй коллеж ажиллаж байна.Сингапурт орц хонгилоор байрладаг хоосон нэр зүүсэн сургуулиуд ч бий. Сайн системээр далдлаад мөнгө олж байгаа сургуулиуд байна. Гэтэл манайд муу сайн ч албан ёсны зөвшөөрөл авдаг нь ядаж л буух эзэнтэй. Олон улсын магадлан итгэмжлэл хийж байгаа нэрээр хуурамчаар мөнгө аваад явж байгаа. Диплом зардаг сургуулиудаас, хуурамч итгэмжлэл хийдэг байгууллагаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг бас асуудал. Үүнээс сэргийлэхийн тулд албан ёсны магадлан итгэмжлэх байгууллагын бүртгэл хөтлөх ёстой. Энэ бүхнээс харахад магадлан итгэмжлэх байгууллагын чиг үүрэг хүрээгээ тэлэх шаардлагатай байна. Нэг талаас албан ёсны үнэлгээ хийх, чанарын үйлчилгээ үзүүлэхээс гадна олон нийт их сургуулиудад үнэ цэнэтэй бодит мэдээллээр хангах бүртгэлийн байгууллага болох шаардлагатай. Сургуулийн талаар албан ёсны лавлагаа нотолгоо гаргадаг үйлчилгээ үзүүлэх шаардлага гарч ирдэг. Нэг хүүхэд гадаад руу сургуульд явах гэхээр цаанаас нь лавлагаа шаарддаг. Боловсролын яам гаргаж өгч байгаа ч магадлан итгэмжлэлийн байгууллага үүнийг хариуцах хэрэгтэй. Зөвшөөрөлтэй юм уу гэдгээс илүү магадлан итгэмжлэгдсэн гэдэг нь бодитой мэдээлэл болдог. 

-Магадлан итгэмжлэх зөвлөл ийнхүү өргөн хэмжээнд үйл ажиллагаа явуулахад санхүүгийн хувьд хэр боломжтой вэ?

-Тогтвортой ажиллах төсөв санхүүгийн хувьд баталгаатай эх үүсвэр хэрэгтэй. Өнөөдөр энэ байгууллага зөвхөн магадлан итгэмжлэл авахаар хандсан сургуулиудын төлбөр дээр явагдаж байна. Энэ нь тодорхой хэмжээгээр өргөдөл авч байгаа байгууллагаас хамааралтай нөхцөл байдал үүсгээд байна. Магадгүй энэ шалтгаанаар хүсэлт гаргасан бүх байгууллагууд ганц, хоёр тохиолдолыг эс тооцвол бүгд магадлан итгэмжлэгдсэн. Чухам энэ байдал эргээд олон нийтийн дунд эргэлзэх нэг шалтгаан болж байгаа. Тийм учраас магадлан итгэмжлэгдсэн байгууллагыг дэмжсэн хараат бус бусад эх үүсвэрүүдийг бий болгох шаардлагатай. Их, дээд сургуулиудыг гишүүнээр элсүүлж гишүүнчлэлийн татвар авч болно. Эсвэл энэ байгууллага зөвхөн магадлан итгэмжлэх үнэлгээ төдийгүй бусад чанарын  үйлчилгээ үзүүлэх чадвартай болох ёстой. Үүнийг тодорхой хэмжээний үнэ хөлсөөр хийж орлогын эх үүсвэртэй болох. Хамгийн гол нь дээд боловсролын чанарын баталгаа хангах хөндлөнгийн бие даасан нийгэмд тустай үйл ажиллагаа эрхлэж байгаа учраас төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Энэ байгууллагын ажлын үр дүн Монголын нийт сурч байгаа оюутнуудын болон ажил олгогчдын эрх ашигт нийцэх учраас төсвөөс санхүүжүүлэх нь хамгийн чухал.

-Та бүхний өгөх зөвлөмж хурдан хугацаанд хэрэгжих тусам магадлан итгэмжлэх байгууллагын цаашдын үйл ажиллагаа шинэ төвшинд гарах байх?

-Тийм ээ. Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөлд ажлын хэсэг ажиллаж байгаа.  Бид зөвлөмжөө өгч хамтарч ажиллаж томъёололд нь оролцож байна.  Голланд улсад төвтэй Олон улсын дээд боловсролын сүлжээнд манайх нэгдэж орсон. Дэлхийн хэмжээний хамгийн том толгой байгууллага. Тухайн байгууллагын аттестатчлал хариуцсан дэд ерөнхийлөгч нь Сузанна Караханян. Тэгэхээр энэ хүн чанарын баталгаа хариуцсан олон улсын мэргэжилтнүүдийн хувьд хэр зэрэг нэр хүндтэйг илэрхийлж байна. Ази номхон далайн чанарын сүлжээний гишүүн. АНУ-ын дээд боловсролын аттестатчлалын зөвлөлийн үйл ажиллагаанд оролцдог гээд олон улс руу хандаж эхэлснээр шинэ төвшинд гарах эхлэлээ тавьж байгаа.