"Мандах бүртгэл" дээд сургуулийн Ерөнхий захирал, профессор Г. Нанжидыг "Боловсролын магадлан итгэмжлэл" сэтгүүлийн 2014 оны 3 дугаар дугаартаа зочноор урилаа.
Түүний хувьд 1973 онд МУИС-ийг нягтлан бодогч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тухайн жил МУИС шилдэг төгсөгчдөөсөө олон залуучуудыг багшаар томилон ажиллуулсны дотор Г.Нанжид захирал багтаж Эдийн засгийн Факультетийн бүртгэл-шинжилгээний тэнхимд хуваарилагдсан байна. Энэ үеэс л хойш өнөөдрийг хүртэл дээд боловсролын салбарт тасралтгүй ажиллаж байгаа юм байна.
Тэрээр "Ерээд оны өөрчлөлт шинэчлэлийн үед хувийн хэвшил үүсч хөгжих нөхцөл бүрдсэн. Манай боловсролын салбарт ч энэхүү өөрчлөлт гарч 1991 он гэхэд таван ч хувийн хэвшлийн дээд сургууль байгуулагдсан. Бид 1992 онд хувиараа эрхлэх аж ахуй байгуулан сургалт явуулах зөвшөөрөл авснаар энэхүү сургуулиа үүсгэн байгуулсан. Тэр үед хамгийн гол нь багшлах боловсон хүчинтэй байх шаардлага тавьж байсан. Манай гэр бүлийн хүн тэр үед ХААДС-д багш, тэнхимийн эрхлэгч, проректор зэрэг алба хашиж байсан. Би ч их сургуульд нягтлан бодох бүртгэлийн багш байсан болохоор давхар энэхүү хувийн сургуульдаа багшлах болсон" хэмээн сургуулиа байгуулсан талаар сонирхуулсан юм.
-Жил бүрийн их, дээд сургуулиудад элсэгчдийн сонголтоос харахад "Мандах бүртгэл" сургууль төрийн өмчийн тэргүүлэгч сургуулиудтай эн зэрэгцдэг. Хувийн их, дээд сургуулиуд дотроо тэргүүн эгнээнд бичигдэх болсон амжилтын гол мөн чанар юунд оршиж байгаа гэж та тодорхойлох бол?
-Гол нь чанар л гэж хэлнэ. Чанар маань олон зүйлээс хамаатай. Тухайлбал багшлах боловсон хүчний чадавхи, сургалтын хөтөлбөр болон технологийн хөгжил, дэвшил, сургалт явуулах орчин нөхцөл, элсэгчдийн төвшин гэх мэт олон зүйл бий. Энэ олон хүчин зүйл чинь юунаас хамаарах вэ гэхээр тухайн хамт олны өмнө тавигдах зорилго, зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө нэг сэтгэл, зүтгэлээр хамтран ажиллах бололцоог олгох асуудал юм. Тэр бололцоог олгох асуудал хувийн хэвшлийн хувьд хүнд суртал, олон шат дамжлагагүйгээр шуурхай шийдвэрлэх давуу талтай байдгаараа онцлогтой.
-АНУ-ын Боловсролын яам хүлээн зөвшөөрдөг ACBSP байгууллагаар олон улсад магадлан итгэмжлэл хийлгэсэн сургууль. Хэзээнээс эхэлж олон улсад магадлан итгэмжлүүлэх эхлэлээ тавьсан бэ?
-Энэ байгууллагын онцлог нь эхлээд магадлуулах сонирхолтой байгууллагыг горилогч гишүүнээр бүртгэдэг. Магадлуулсны дараа жинхэнэ гишүүн болдог. Горилогч байх хугацаандаа зөвлөх авч магадлан итгэмжлэлдээ бэлтгэдэг. Бид горилогчоор 2011 онд элсэж, 2014 онд магадлуулсан.
-СЭЗДС гэхэд тус байгууллагад анх 850 хуудас тайлан явуулж байсан гэсэн. Танай сургууль хэдий хугацаанд хэрхэн бэлдэж тайлангаа явуулсан бэ?
-Гурван жилийн хугацаанд сайжруулсан шинэчилсэн, шинээр хийсэн бүх ажлаа тоолбол олон хуудас болно. Шинжээч нарыг ирэхэд бид тайлангаа бүх нотлох баримтын хамт толилуулахад нэг өрөө дүүрэн юм болсон. Аз болоход ACBSP-ын төвд илгээх тайлан болон хавсралтыг сүүлийн үед электрон хэлбэрээр авдаг болсон нь ажлыг их хөнгөвчилсөн.
-Багш, оюутнуудаас болон сургуулийн удирдлагаас асуулт асуудаг гэж байсан. Ялангуяа сургуулийн удирдлагын хариултад их ач холбогдол өгдөг юм шиг?
- Гол нь сургуулийн үйл ажиллагааны ирээдүй, цаашдын хөгжлийн бодлого, чиг хандлага, багшлах боловсон хүчний талаарх бодлого, мөн аливаа нэг эрсдэл тохиолдвол хэрхэн даван туулах, шийдвэрлэх арга замын талаар тодруулан асуусан.
-Албан ёсны дүгнэлтэндээ ямар зүйлийг онцолж бас цаашид анхаарах ямар зөвлөмж өгсөн бол?
Албан ёсоор манай бүх багш ажилтан, оюутны төлөөлөлийг байлцуулан шинжээчдийн багийн гишүүд өөр өөрсдийн дүгнэлт, шүүмжээ хэлж, эцэст нь ерөнхий дүгнэлтээ танилцуулсан. Онцолсон зүйл нь МБДС нь Монгол улсын бизнесийн сургуулиудаас дөрөвдэх шилдэг сургууль мөн гэж үзэж байна. Танай сургуулиас бид олон давуу талыг олж харлаа. "Танай багш нарын хийж бүтээснийг хараад манай багш нар юу хийдэг билээ" гэж бодоход хүрлээ. Танай төгсөгчид болон оюутнуудтай уулзахад тэд их чадварлаг бас сургуулийнхаа тухайд сэтгэгдэл өндөр байдгийг олж мэдлээ гэж онцолсон.
Цаашид оролцогч талуудаас авдаг судалгаануудын давтамжийг ойртуулж, тасралтгүй үргэлжлүүлэн хийж байх, оюутнуудынхаа мэдлэг чадварыг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж дүгнэдэг болсон сайн ажлаа үргэлжлүүлэн хийж байх, докторантурт сурч байгаа багш нарыг төлөвлөсөн хугацаандаа төгсөх тал дээр нь өндөр шаардлага тавьж байх хэрэгтэй гэсэн зөвлөмжүүдийг өгсөн.
-Та олон улсад магадлуулсны гол үр дүнг хэрхэн дүгнэх вэ?
Гол үр дүнг ач холбогдлоор нь дүгнэх байх. Манай сургуулийн хувьд олон талын ач холбогдолтой байсан. Жишээ нь оюутны мэдлэг чадварыг олон улсын түвшинд хөндлөнгөөс үнэлүүлснээр, бусад орны оюутнуудын мэдлэг чадвартай харьцуулах боломжийг бий болгосон гэх мэт, ер нь нэгтгээд хэлбэл, "галт тэрэг хөдлөсөн шүү" гэдэг шиг сургуулийн үйл ажиллагааг явуулахад оролцдог бүх механизм байр, байрандаа зөв тавигдаж, өөр өөрийн үүргийн дагуу тасралтгүй ажиллахаас өөр замгүй болдог юм байна.Энэ галт тэргэнд суусан хүн бүрийг зорьсон газарт нь хүргэхийн тулд галт тэрэгнийхээ механизмуудыг байнга тосолж, тордож, элэгдэж хуучирсныг даруй засч сэлбэж, солих зэргээр галт тэргээ саадгүй явуулж байх нь бидний хувьд чухал асуудал юм гэж зүйрлэн хэлмээр байна.
-Танай оюутнуудын мэдлэг чадвар хөндлөнгийн үнэлгээгээр хэр зэрэг түвшинд байсан бэ?
-Санасныг бодвол маш сайн байсан. Тухайн үнэлгээний байгууллагаас арав гаруй төрлийн хичээлээр шалгалт аваад АНУ болон бусад орны, Монголын сургуулиудтай харьцуулсан судалгаа бүхий тайлан ирүүлдэг. Эдгээр тайлангуудаас харахад манай оюутнуудын нягтлан бодох бүртгэлийн мэдлэг нь бусад орнуудын оюутнуудын мэдлэгийн дундаж үнэлгээнээс харьцангуй илүү байсан. Ер нь энэ хөндлөнгийн үнэлгээний шалгалт нь ямар хичээлээр сайн байна, ямар хичээлийн хувьд хоцрогдолтой байна гэдгээ мэдэж авдаг нь чухал юм билээ.
- Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн олон улсын зөвлөх, шинжээч Сузанна Караханянтай ярилцаж байхад "Монголын дээд боловсролын үйлчилгээ өдрөөс өдөрт тэлж байгаа зах зээлийн эрэлтэд хэр нийцэх вэ гэсэн сорилттой тулгарч байна" гэж байсан. Танай сургуулийн хувьд энэхүү сорилтыг хэрхэн сөрж байгаа бол?
- Энэ асуудал ерөөсөө дээд боловсролын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Ийм болохоор манай салбарын яам ч энэ тал дээр анхаарал хандуулж бодлоготойгоор олон асуудлыг шинэчлэн сайжруулж олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Азийн Хөгжлийн банкны дээд боловсролын шинэчлэлийн төсөл юм.
Энэ бүх өөрчлөлт шинэчлэлтийг цаг алдалгүй ажилдаа тусган ажиллаж байна. Нөгөө талаар ажил олгогчдоос тавьж байгаа шаардлага, шалгуур, түүнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд юун дээр анхаарах, сургалтын хөтөлбөртөө хэрхэн тусган хэрэгжүүлэх зэрэгт манай сургууль байнга судалгаатай ажиллаж, түүний мөрөөр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлдэг. Үүний нэг нь энэ жил олон улсын магадлан итгэмжлэл авсан явдал юм.
-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд хэрхэн нийцэж байгааг тодорхойлох шалгуурын нэг нь төгсөгчдийн ажлын байр. Сургуулийнхаа төгсөгчдийн ажлын байрны тоо үзүүлэлтээс сонирхуулвал?
- Ер нь ажилд орох асуудал сургуульд орохоос ч том конкурс болдог болсон байна. Конкурст хэн амжилттай дүн үзүүлсэн нь тухайн ажилд ордог. Манай төгсөгчдийг ажил олгогч нар өндрөөр үнэлж, ажлын байрны захиалга өгч, түншлэлийн гэрээ хийдэг. Энэ нь манай төгсөгчид конкурст тэнцдэг мөн ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангаж байгааг харуулж байгаа болов уу.Судалгаагаар манай төгсөгчдийн 70-80 шахам хувь нь тухайн жилдээ ажилд орсон байдаг.
-Дээд боловсролын байгууллагын зардлын бүтцийг авч үзвэл 80 гаруй хувь нь зөвхөн цалин хөлс, нийгмийн даатгалд, үлдсэн 20 хувь нь барилга байгууламжийн ашиглалтын зардалд зарцуулагддаг. Танай сургуулийн хувьд энэ тоон үзүүлэлт хэр зөрөх бол. Хамгийн гол нь эрдэм шинжилгээ судалгааны ажил, сургалтын үйл ажиллагаа эрчимжүүлэх, чанарын өөрчлөлтөд зарцуулах хөрөнгө мөнгө хэрхэн зохицуулж байгаа бол гэдгийг асуух гээд байгаа юм.
-Бид тухайн жилийнхээ орлого зарлагын төсвөө Удирдах Зөвлөлөөрөө хэлэлцэн батлаад мөрддөг. Энэ жил гэхэд манай зардлын 60 орчим хувь нь цалин нийгмийн даатгалд, сургалт, эрдэм шинжилгээ, сургалтын тоног төхөөрөмжийн шинэчлэл, ном сурах бичгийн зардалд 24 хувийг төлөвлөсөн. Ер нь энэ бол сүүлийн жилүүдийн дундаж хэмжээ л дээ.Томоохон хөрөнгө оруулалт хийхээр бол зээл авахаас өөр арга байхгүй. Аль болох хэмнэлттэй байхыг л хичээнэ. Тэглээ гээд цалин хөлс, сургалтын чанар, эрдэм шинжилгээ, багш, оюутны хөгжилд зориулах зардлыг жил бүр нэмэхгүйгээр явахгүй шүү дээ.