ТАЙВАНЫ ТЭМДЭГЛЭЛ

ТАЙВАНЫ ТЭМДЭГЛЭЛ

Тайваны арал Хятадын зүүн өмнөд эргээс холгүй, эх газраас 160 км-ийн зайтай, Номхон дөлгөөн далайн баруун хэсэгт орших арал. Хамгийн өндөр уул нь бараг 4000м, уул, толгод зонхилсон үржил шимтэй сайхан нутагтай. Номхон дөлгөөн далайн энэ нэгэн арал дээр 36,188 ам.км нутагт 22 сая хүн амьдардаг. Далайн зөөлөн уур амьсгалтай, мөнх ногоон.
Тайваны нийслэл Тайбэй хот 3 сая хүн амтай. Японы хотуудыг санагдуулна. Цэвэр цэмцгэр, гудамж дүүрэн цэцэг ногоо. Айл бүрийн үүд, тагт бүр дээвэр дээр хүртэл цэцэг алаглана. Хүмүүс нь аядуу, найрсаг. Тайван 1895-1945 онд Японы эзэмшилд байжээ. Тайбэй хотын хувьд энэ он жилүүд хамгийн их бүтээн байгуулалтын нь үе байсан гэнэ. Тайваны хүн ам нь үндсэндээ хань үндэстнээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь хятад хэлний мандарин аялга. Эх газрын хятадуудтай жишиж зүйрлэхийн аргагүй, хэл, соёлын маш их зөрүү ажиглагдана. Ахмад хүмүүс нь японоор ярьдаг бололтой, япон хэлээр мэндчилж нахилзах нь, сонсогдох төдий намуун ярьж байнга инээмсэглэх нь их содон. Номхон далайн арлын энэ оронд япончууд ул мөрөө ихээхэн гүн үлдээжээ. Боловсрол өндөр хөгжсөн, 1928 онд байгуулагдсан Тайваны их сургууль зэрэг дэлхийн түвшиний их сургуулиудтай. Тайвань 1971 он хүртэл НҮБ-д Хятадыг төлөөлж байгаад БНХАУ-д байр сууриа алджээ. Одоо Хятадын нэг муж гэж явдаг ч бие даасан үндэсний мөнгөн тэмдэгттэй, олон намын тогтолцоотой, Парламентын засаглалтай. Манай улс НҮБ-д элсэхээс өмнө болон элссэний дараа Чан Кайши-г үгийн муугаар хараадаг байж билээ. Бас ч чамгүй саад тотгор болсон юм гэсэн. Чан Кайши юутай ч энэ арал дээр өндөр хөгжилтэй, хүчирхэг баян нэгэн улс гэрийг төвхнүүлж чадсан юм байна гэсэн сэтгэгдэл төрөв.
Тайванчуудыг соёл, боловсролын түвшиний хувьд эх газрын хятадуудтай зүйрлэхийн аргагүй. Бидний төрөл садан өвөр монголчуудтай бол бүр ч жишихийн хэрэггүй биз. Харин өвөрмонголчууд Цастын орны төвдүүдээс тэхий илүү гээд бодохоор боловсрол гэдэг “шидэт саваа” хичнээн хүчирхэг болох нь илэрхий.
Бид нэг их томд орохгүй ч цэвэр цэмцгэр буудалд тухлав. Энэ буудал хуралдааны хоёр том танхим, ажлын болон сургалт, хурал, ярилцлагын аль ч хэлбэрээр ашиглаж болох олон өрөө тасалгаатай. Олон улсын арга хэмжээнүүд зохион байгуулж гаршсан, тэгээд ч буудал ашиг орлогынхоо ихэнх хувийг энэ танхимууд, өрөө тасалгаануудаасаа олдог гэнэ. Хурал цуглаангүй үед сонгодог хөгжмийн концерт, заримдаа дуурь, балет хүртэл тоглож, өндөр соёл боловсролтой өөрийн гэсэн үзэгчидтэй гээд бодохоор аргагүй л энэ орны соёл, боловсролын түвшинг илтгэнэ.
Энэ талаар манайд бодмоор зүйл их байдаг. Хуучны “Улаанбаатар”, “Баянгол” яах вэ гэхэд шинээр байгуулагдсан өндөр үнэтэй зочид буудлуудад үнэндээ 100 хүнтэй арга хэмжээ зохион байгуулчих зориулалтын олигтой өрөө, тасалгаа байдаггүй. Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ аль тэртээх 70-80-аад оны түвшинд л байгаа. Хөгжил гэдэг бага зүйлээс эхэлдэг. Бас хамгийн бага гэмээр зүйлүүдээр илэрч байдаг онцлогтой.
Ази-Номхон далайн чанарын сүлжээ бол энэ бүс нутгийн боловсролын чанарын баталгаажуулалтын байгууллагууд, их сургуулиудыг нэгтгэсэн олон улсын байгууллага. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл жинхэнэ гишүүн, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, “Их засаг” их сургууль байгууллагын гишүүнчлэлтэй. 2013 оны 5 дугар сарын 1-ний байдлаар тус байгууллага 17 улсын 24 жинхэнэ, 13 улсын 17 дунд шатны, 8 улсын 9 түншлэгч ба 13 улсын 68 анхан шатны болон 6 /Герман, Кувеит, Тайланд, Англи, Кротиа/ ажиглагч гишүүнтэй байна.
1991 онд байгуулагдсан Дээд бололвсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээнд 89 улсын 178 жинхэнэ, 37 улсын 77 түншлэгч, 27 улсын 39 салбар байгууллагын гишүүнчлэлтэй. Энэ удаад Тайваны нийслэл Тайбэй хотод боловсролын салбарын чанарын баталгаажуулалтын хоёр байгууллага нэг дор хурлаа хийв. Ази-Номхон далайн чанарын сүлжээ жил бүр тайлангийн бага хурал зохион байгуулж асуудлаа хэлэлцдэг бол Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ хоёр жилд нэг удаа чуулдаг. Давхардсан тоогоор 100 гаруй орны төлөөлөгчид, Тайванаас оролцогчдын хамт мянга шахам хүн нэг дор цугларч чуулав. Зарим орны илтгэгчид илтгэлээ онлайн хэлбэрээр хэлэлцүүлэв. Даяарчлагдаж буй дэлхий ертөнцийн дээд боловсролын асуудлуудыг нэгэн дээвэр дор чуулан зөвлөлдөв.

Нийтлэг олон асуудал байна. Сүүлийн 10-15 жилийн хугацаанд оюутны тоо 10 дахин өссөн нь орон бүхэнд нийтлэг байна. Хойт их хөрш ОХУ гэхэд 14 сая оюутантай болжээ. Боловсролын чанарын асуудал хамгийн гол-цөм асуудал болжээ. Чанарын соёл, хэмжүүр орон бүхэнд өөр өөрийн өвөрмөц онцлогтой боловч улам бүр нийтлэг болсоор байна. Чанарын баталгаажуулалтын агентлагуудын хувьд стандарт, шалгуур үзүүлэлтүүдээ аль болох ойртуулах, төрийн болон хувийн хэвшлийн, олон жилийн түүхтэй болон шинэ тутам байгуулагдсан гэж ялгаварлахгүйгээр их, дээд сургуулиудад нэг түвшиний шаардлага, шалгуур тавьж чанарын баталгаажуулалт хийх, чанарын баталгаажуулалтын агентлаг, байгууллагууд аль болох хөндлөнгийн, төрөөс хараат бус байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгтэй нэгдэж байв. Бидний хувьд эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд сүүлийн арав гаруй жил оролцож байна.

Хамгийн сонирхолтой нь энэ хугацаанд боловсролын чанарын баталгаажуулалтын асуудлаар ажилладаг олон улс орны байгууллагуудын удирдлагуудад онцын өөрчлөлт орсонгүй. Энэ хоёр сүлжээний аль алиныг нь үүсгэн байгуулсан Дэвид Бүүдхаус гуай оройлж манлайлсан хэвээр, одоо тэрбээр Дубайд ажиллаж байгаа юм байна. Шинэ Зеланд, Австралийн магадлан итгэмжлэлийн байгууллагуудыг байгуулан удирдаж байсан энэ профессор үнэхээр олон улсын хэмжээний, хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч хүн. Азийн чанарын сүлжээний ерөнхийлөгч байхдаа манай улсад ирж бид олон улсын сургалт зохион байгуулж байсан билээ. Боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын асуудлаар хийсэн олон улсын энэ сургалт бидний монголчуудад энэ асуудлаар цэгцтэй нэгдсэн ойлголт өгч, БМИҮЗ-ийн баримт бичгүүдийг шинээр боловсруулан мөрдөхөд ихээхэн том түлхэц болсон юм. Шинэ тутам байгуулагдсан гишүүн байгууллагуудаа энэ мэтчилэн дэмжиж туслах нь олон улсын эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны ажил хэрэгч нэгэн хэлбэр билээ.
Тайваний монголчууд. Тайваньд очиж суурьшсан өвөрлөгч монголчууд байдаг. Гэхдээ энэ удаад тэдний тухай биш харин манай монголчуудын талаар товч өгүүлье. Тайваньд Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар ажилладаг. Тайваний хотуудад манай 700 гаруй иргэд амьдардаг ажээ. Ихэнх нь оюутнууд гэнэ. Харин дэлхийн түвшиний гэгддэг их сургуулиудад нь цөөхөн хүмүүс суралцдаг, ихэнх нь хэлний курс, төвүүдэд суралцаж хятад болон англи хэл сурч байгаа ажээ. Нааш цааш явах хөл хөдөлгөөн ихтэй. Худалдааны төлөөлөгчийн газрынхан өөрийн иргэддээ тун давгүй үйлчилдэг тухай тааралдаж уулзсан хүмүүс ярьж ам сайтай байцгаав. Гар, санаа нийлсэн цөөхөн ч гэсэн ажил хэрэгч хүмүүс ажилладаг бололтой.

Бас ирж очин бизнес хийдэг хүмүүс ч байдаг гэсэн. Юутай ч одоо манайд үнэ нь “тэнгэрт хадаад” байгаа хөөрөгний толгойн шүрний үнийг хөөрөгдөхөд монголчууд хувь нэмрээ оруулсан гэлцэнэ. Шүрний модыг далайн гүнээс олзворлодог, бас улаан номонд орж маш их ховордсонтой холбоотойгоор сүүлийн жилүүдэд үнэ нь бараг 10 дахин өсжээ.

Тайбэй хотын төвд олон улсын худалдааны төвийн 101 давхар цамхаг сүндэрлэнэ. 89 дэх давхарт гарч шөнийн хотыг дурандав. Цэгцтэй, зохион байгуулалттай гэдэг жигтэйхэн. Шөнө бүр ч сайхан харагдав. Хүний гараар бүтсэн дэлхийн гайхамшгийн нэг юм. Хүн гэгч бүтээж, туурвиж ч чаддаг, бас нурааж буулгаж ч чаддаг. Дайны хөлд олонтоо сүйрч байсан энэ арал дээр энх амгалан амьдрал цогцолж өдрөөс өдөрт өнгөжин хөгжсөөр байгаа юм байна.




Тэмдэглэл бичсэн: Профессор В.Алзахгүй