Токиогийн конвенцын хорооны 4-р зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

Токиогийн конвенцын хорооны 4-р зөвлөгөөн 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 2-3 өдрүүдэд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнийг Токиогийн конвенцын хорооны 2022 оны Тэргүүний хувьд БНХАУ-ын Боловсролын Яамнаас зохион байгуулав.

Гурван өдрийн турш өрнөсөн зөвлөгөөний хүрээнд 2011 оны Дээд боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази-Номхон далайн орнуудын конвенцын гишүүн орнууд, 1983 оны Бангкокын конвенцын гишүүн орнууд, улс орнуудын ҮМТ-ийн төлөөллүүд гэх зэрэг нийт 80 гаруй хүмүүс оролцсон бөгөөд Монголын ҮМТ-ийг төлөөлж Э. Болд ҮМТ байгуулахад тулгарч болох бэрхшээлүүд болон туршлагын талаар зөвлөгөөнд оролцогчдод хуваалцлаа. Цаашлаад бичил сургалтыг (micro-credentials) хүлээн зөвшөөрөх, боловсролын зэрэг хүлээн зөвшөөрөх, мөн улс орнуудын ҮМТ-ийн загвар зэрэг сэдвүүдээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Токиогийн конвенцын хорооны удирдлага жил бүр солигддог зарчимтай бөгөөд өмнө жилийн удирдлага болох Хятад (Тэргүүн), Филиппин (1-р Дэд Тэргүүн), Шри Ланка (2-р Дэд Тэргүүн), Гэгээн Ширээт (Илтгэгч) 2023 оны хорооны удирдлагад үүргээ шилжүүлэв. 2023 оны Токиогийн конвенцын хорооны удирдлагаар Австрали улс Тэргүүн, Шинэ Зеланд улс Нэгдүгээр Дэд Тэргүүн, Монгол улс Хоёрдугаар Дэд Тэргүүн, Гэгээн Ширээт улс Илтгэгчээр тус тус ажиллахаар боллоо.