"Хил дамнасан дээд боловсролын чанарын баталгаажилт" форум

Дээд боловсролын чанарын баталгаажилтын Европын холбоо ENQA нь Эрасмус Мундус хөтөлбөрийн хүрээнд "Хил дамнасан дээд боловсролын чанарын баталгаажилт" төслийг хэрэгжүүлж, уг төсөлд ANQAHE, APQN зэрэг сүлжээ байгуулагууд, QAA, AERES, ANECA, GAC, TEQCA зэрэг чанарын баталгаажилтын байгууллагууд, түүнчлэн Европт хил дамнасан боловсрол олгогч сургуулиуд оролцож байна.

Энэхүү төсөл нь Европын чанарын баталгаажилтын байгууллагууд өөрийн орны хилийн гадна хэрэгжүүлж буй дээд боловсролын хөтөлбөрийнхөө чанарын баталгаажилтыг хэрхэн хангаж байгаа арга замуудыг судалж, энэ талаар мэдээлэл, туршлага солилцож, дэмжлэг үзүүлэх зорилготой. Түүнчлэн хил дамнасан дээд боловсролын чанарын баталгаажилтын нийтлэг жишиг хандлагыг Европт тогтоох замаар дэлхийн бусад хэсэгт Европын дээд боловсролын нэр хүнд үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

Энэ зорилгынхоо хүрээнд хил дамнасан боловсролд Европын чанарын баталгаажилтын үндэсний байгууллагуудын оролцоог үнэлж, үндсэн ба тулгамдсан асуудлыг тодорхойлох өргөн хүрээний судалгаа хийж, улс орнуудын туршлага, баримт нотолгоонд дүн шинжилгээ хийж, улмаар Европын дээд боловсролын хүрээн дэх чанарын баталгаажилтын стандарт ба зөвлөмж /Standards and Guidelines for Quality Assurance in the European Higher Education Area/-д нийцсэн нийтлэг зарчмыг боловсруулж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг хийлээ. Үүнд:

  • 1.Европын бүсийн форум
  • 2.Персийн булангийн бүсийн форум
  • 3.Ази-Номхон далайн бүсийн форум

Бүсийн форумын гол зорилго нь Европын хил дамнасан дээд боловсролын чанарын баталгаажилтын талаар мэдээлэл түгээх, Европын ба тухайн бүс нутгийн чанарын баталгаажилтын байгууллагуудын хоорондох харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэжээ.

Ази-Номхон далайн бүсийн "Хил дамнасан дээд боловсролын чанарын баталгаажилт" форум 2015 оны 1 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Хятадын Макаод зохион байгуулагдлаа. APQN болон Макаогийн Дээд боловсролын үйлчилгээний алба /GAES/ хамтран зохион байгуулсан уг форумд 22 орны 35 төлөөлөгч оролцож хил дамнасан боловсролыг хэрэгжүүлэгч, хүлээн авагч улсуудын туршлагыг хэлэлцэж, санал солилцлоо.

Форумын хөтөлбөрийн дагуу "Монгол улсын дээд боловсролын олон улсжилтын өнөөгийн байдал, хил дамнасан боловсролыг хэрэгжүүлж эхэлж буй төлөв байдал"-ын талаар БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг мэдээлэл хийж хэлэлцүүлэгт оролцов.

Оюутан, хөтөлбөр, багш, боловсролын байгууллагын шилжилт хөдөлгөөн, олон улсжилт, боловсролын импорт, экспорт нэмэгдэх хандлагатай байгаа өнөө үед хил дамнасан боловсролын чанарын баталгаажилтыг бүс нутгийн болон дэлхийн улс орнууд нийтлэг жишигт тулгуурлан хийх нь хил дамнасан боловсролын үр шимийг хүртэгч суралцагчдад, ялангуяа олон улсын оюутнуудад ач холбогдолтой юм. Хил дамнасан боловсролыг хэрэгжүүлэгч, хүлээн авагч улсуудын хооронд үүссэн харилцаагаар дамжин харилцан ойлголцох, глобал зах зээлд ажиллах, орлого үүсгэх, чадавхиа бэхжүүлэх, хамтран мэдлэг бүтээх, хуваалцах гэх мэт олон давуу тал бий болдгийг олон улсын туршлага харуулж байна.

Дээд боловсролын байгууллага нь эх орондоо олон улсжих замаар олон улсын зах зээл дэх нэр хүндээ өсгөж, улмаар олон улсын боловсролын зах зээлд гарах арга замыг нээх, харилцаа хамтын ажиллагаагаа үр ашигтай хөгжүүлэхэд хил дамнасан боловсрол чухал үүрэгтэй. Иимд бусад улс орнуудын чиг хандлага, нийтлэг зарчмаас суралцсан энэ удаагийн туршлага бидэнд чухал бөгөөд хамтарсан хөтөлбөрүүд, гадаадын салбар сургуулийн магадлан итгэмжлэл, гадаадад суралцаж буй суралцагчид, монголд сурч буй гадаад оюутнуудын үйлчилгээний чанар, нийгмийн асуудал гэх зэрэг олон асуудлыг цаашид шийдвэрлэх арга замаа тодорхойлох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Юуны өмнө энэ чиглэлээр мэдээлийн сан бүрдүүлж, шаадлагатай мэдээллээр оролцогч талуудыг хангах чухал юм.


Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллүүдийг доорх цахим хуудаснуудаас үзэх боломжтой.

http://www.enqa.eu

http://www.qache.worldpress.com

http://www.anqahe.org/

http://www.apqn.org/

http://www.qaa.ac.uk/Pages/default.aspx

http://www.aeres-evaluation.fr/

http://www.aneca.es/eng/ANECA

http://www.akkreditierungsrat.de

http://www.teqsa.gov.au/