“Цар тахлын үед дээд боловсролын багшлахуй ба суралцахуйн чанарын баталгааг хангах нь” цахим хурал боллоо.

Ази-Номхон далайн орнуудын чанарын сүлжээ байгууллага (APQN) нь 2020 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд олон улсын дээд боловсролын 12-р  хурлыг “Цар тахлын үед дээд боловсролын багшлахуй ба суралцахуйн чанарын баталгааг хангах нь” сэдвийн хүрээнд цахимаар амжилттай зохион байгууллаа. Мэргэжилтнүүдийн чадавх бэхжүүлэх зорилтын хүрээнд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны мэргэжилтнүүд хуралд оролцож, олон сонирхолтой сургалт ярианд хамрагдлаа. 

Энэ жилийн хурлыг Ази-Номхон далайн орнуудын чанарын сүлжээ байгууллага APQN-ийн гишүүн Макаогийн Политехникийн Институт (MPI) зохион байгуулсан ба тус институт нь “Орчин үеийн их сургуулийн тогтолцоог бий болгох нь”,  “Дээд боловсролын багшлахуй ба суралцахуйн чанарын баталгаажуулалтын шинэ хязгаар” гэх мэт дээд боловсролын салбарт тулгарч буй янз бүрийн сэдвээр олон улсын цуврал бага хурлыг 2010 оноос хойш зохион байгуулж ирсэн туршлагатай юм. Цаг үеийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлуудтай уялдуулан энэ жилийн хурлыг цар тахлын үед дээд боловсролын салбар дахь багшлахуй ба суралцахуйн чанарын баталгааг хангах ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгууллаа. 

Хурлын эхний өдөр доорх дөрвөн илтгэгчдийн сургалт боллоо. Үүнд:

  • Дээд Боловсролын Чанарын Баталгаажуулалтын агентлагийн гүйцэтгэх захирал Дуглас Блэксток “Цар тахлын үеийн хамтын ажиллагаа: Чанарын баталгаажуулалтын агентлагийн оролцоо”
  • Бээжингийн Боловсролын Их Сургуулийн, Ухаалаг суралцахуйн салбарын дарга, Ронгхуай Хуанг “Цахим боловсролын гуравдугаар давалгаанд Дээд боловсролын цахим багшлахуйн ур чадвар олгох нь”
  • Хонгконг Их Сургуулийн профессор Сонни Шиу-хин Ло “Цахим багшлахуйн ур чадварын сургалтын багш нар: Сорилтууд ба ойлголт”
  • Ази номхон далайн орнуудын чанарын сүлжээ байгууллагын ерөнхийлөгч Жианшин Занг “Ковид 19 цар тахлын дээд боловсролын салбар дахь үр нөлөө судалгааны үр дүн” нар оролцсон юм.



Харин хурлын хоёр дахь өдөр салбар хороодын хэлэлцүүлэг зохион байгуулагдсан ба нийт 6 хороод 22 дэд сэдвийн хүрээнд хуралдав. Хоёр өдрийн тус хуралд Ази-Номхон далайн орнуудын чанарын сүлжээ байгууллагын гишүүн орнуудын төлөөллүүд цар тахлын үеийн нөхцөл байдлыг өөрийн улсын жишээтэй уялдуулан бэлтгэсэн илтгэлүүдээ танилцуулсан. Дээд боловсролын 12-р тус хуралд дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын энэ цаг үед дээд боловсролын сургалтын байгууллагууд болон чанарын баталгаажуулалтын байгууллагууд хамтран ажиллах замаар цахим боловсролын сорилт бэрхшээлийг даван туулж хөгжүүлэх хэрэгтэйг илтгэгчид онцолж байлаа. 

Хурлын онцлох эшлэлүүд:

  • Дээд Боловсролын Чанарын Баталгаажуулалтын агентлагийн гүйцэтгэх захирал Дуглас Блэксток

“Цахим сургалтын үед бид нэн түрүүнд оюутны бүрэн оролцоог анхаарах шаардлагатай. Оюутан хаанаас орж байгаа, техникийн мэдлэгээс үл хамааран нийт оюутнуудыг хамруулан, шаардлагатай дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал байна”

  • Шри Ланка Улсын Уаймба Их Сургуулийн ахлах багш Ниранжала Тэнакүүн

“Цахим боловсролын чанарын завсардалтанд нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл нь техникийн асуудал байгаа ба бүс нутгийн хэмжээнд технолгийн хангамжийг шийдэх нь нэн тулгамдаж буй асуудал болж байна.”

  • Пакистан Улсын Фатима Жинна Их Сургуулийн багш Саади Пани

“Цахим сургалтын чанарыг хангахад оролцогч талуудын хичээл зүтгэл, оролцоо хамгийн чухал байна. Сургалтын байгууллага, Чанарын баталгаажуулалтын байгууллага, оюутан болон түүний гэр бүл, багш ажиличд зэрэг бүх оролцогч талуудын хамтын ажиллагаа нь сургалтын үр дүнд чухал нөлөө үзүүлж байна”.