ЮНЕСКО- Learning Never Stops хэлэлцүүлэг



2020 оны 4 сарын 28-ны өдөр “Хямралын үеийн дээд боловсролын салбар дахь сорилт” сэдэвт цахим хэлэлцүүлгийг ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газар зохион байгууллаа. Тус цахим хэлэлцүүлэгт Ази-Номхон далайн 35 улсын боловсролын салбарын 260 төлөөлөгчид оролцов. Хэлэлцүүлгийн хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улс, Арабын Бүгд Найрамдах Сири Улс, Индонези Улс , БНХАУ, Малайз Улс, Тайландын Хаант Улс хөл хорионы үед дээд боловсролын сургалтыг хэрхэн зохион байгуулж буй талаар туршлагаа хуваалцсан. Энэхүү сургалтад БМИҮЗ-ийн Ажлын албаны гадаад харилцааны мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд та бүхэнд хэлэлцүүлгийн үеэр гарсан мэдээллийг товчлон хүргэж байна.

  •  Их дээд сургуулийн үйл ажиллагаа, сургалт цахим хэлбэрт эрчимтэй шилжиж байгаа энэ үед сургалтын чанарын асуудал чухлаар тавигдаж байна.
  • Сургууль бүр дотоод чанарын баталгаажуулалтын баг болон хэлтсээ идэвхтэйгээр ажиллуулж эхэлж байгаа ба энэ нь ДЧБ-ыг хөгжүүлэхэд түлхэц болж байна. 
  • Саудын Араб Улс нь хөл хорионы үед их дээд сургуулийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбогдуулан үндэсний боловсролын мэдээллийн системийг идэвхжүүлэн ажиллуулж байгаа ба цахим сургалтыг ИДС-ууд зохион байгуулахаас өмнө нийт 100 гаруй удаагийн заавар бүхий сургалтыг нийт ИДС-ийн удирдлага болон багш нарын дунд зохион байгуулсан байна. Саудын Араб Улсад нийт 70,000 факултьет, 1,160,000 оюутнуудад цахимаар сургалтаа явуулж байгаа ба олон нийтэд нээлттэй 35,000 контентыг бэлтгэн тавьжээ.
  • Малайз Улсын зүгээс ИДС-ийн цахим сургалтын энэ үед цахим халдлагын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор ИДС-ууд өөрийн сургуулийн цахим сайт болон сүлжээгээ сайжруулж, аюулгүй байдалдаа анхаарч байна. 
  • Тайланд Улсын зүгээс оюутнууд болон олон нийтэд зориулсан контентыг бэлтгэх, сайжруулах зорилгоор, гэрээ байгуулж санхүүгийн дэмжлэгийг Их Дээд Сургуулиудад олгож байна.

Цахим сургалт зохион байгуулахад анхаарах зүйлс: 

1. Техник хангамжийн дэмжлэг: Цахим сургалтын хамгийн чухал зүйл нь техник хэрэгсэл ба цахим сургалтыг зохион байгуулахаас өмнө, нэн тэргүүнд ямар техник хэрэгсэл болон сүлжээг ашиглахаа тодорхойлох хэрэгтэй. 

2. Багшийн хөгжил: Багш нь танхимд хичээл заах туршлагатай ч цахимаар хичээл заах арга барил, туршлага хомс байна. Иймд сургуулиас багшийг цахимаар хичээл заах арга зүйд дэмжлэг үзүүлэх сургалт, зөвлөмжөөр хангах ёстой. Үүнийг анхаарахгүй бол цахим сургалт амжилтгүй, үр дүнгүй болдог.

3. Чанарын баталгаажуулалт: Дотоод болон хөндлөнгийн чанарын баталгаажуулалт тогтмол хийх нь сургалтын хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэх чухал нөлөөтэй.