ACBSP байгууллагын 2022 оны нэгдсэн хуралд оролцов

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа, Гадаад харилцаа, олон улсын магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Б.Болор нар 2022 оны 6 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд АНУ-ын нийслэл Вашингтон хотод зохион байгуулагдсан Бизнесийн сургууль болон сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) байгууллагын 2022 оны нэгдсэн хуралд оролцов. Энэ жилийн хурал “Боловсролын уян хатан байдал: Сорилт ба боломжийн огтлолцол” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд оролцогчид магадлан итгэмжлэлийн үйл явц, магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага, шилдэг багшлахуй, боловсролын уян хатан байдал гэсэн дөрвөн дэд сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн юм. Хурлын үеэр БМИҮЗ-ийн төлөөлөгчид ACBSP байгууллагын Гүйцэтгэх захирал Жеффри Алдермантай уулзаж, хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн мэргэжилтэн Б.Болор, Монгол Улсын Их Сургуулийн Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогт нар ACBSP байгууллагын Сургалт хариуцсан захирал Диана Халлеруд, Магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Стив Парскэйл нарын удирдан явуулсан магадлан итгэмжлэл хийх шинжээчийн сургалтад хамрагдсан юм. 1988 онд байгуулагдсан ACBSP байгууллага нь АНУ-ын Канзас муж улсын Оверланд парк хотод төвтэй бөгөөд өдгөө дэлхий даяар 3000 гаруй бизнесийн чиглэлийн хөтөлбөрийг магадлан итгэмжилсний дотор Монгол Улсын 14 их, дээд сургуулийн хөтөлбөр оржээ.

ACBSP байгууллагын дараагийн нэгдсэн хурал 2023 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд АНУ-ын Чикаго хотод зохион байгуулагдах аж.