C3QA төсөл

(C3QA) ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Европын Холбооны интеграцитай уялдуулан гурав дах төвшний буюу докторын төвшний хөтөлбөрийн чанарын баталгаажууллын тогтолцоог боловсруулах, нэвтрүүлэх замаар судалгааны интернациональчлалыг дэмжих нь”

Товч танилцуулга

2016 оны 01 дүгээр сарын 24-нд Дээд боловсролын чанарын баталгаажууллын олон улсын сүлжээ (INQAAHE) байгууллагын ерөнхийлөгч Др.Сузанна Караханян (Дээд боловсролын шинэчлэлийн төслийн олон улсын зөвлөх асан) Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албанд CYCLE 3 буюу докторын төвшний хөтөлбөрийн чанар нийцлийг сайжруулах зорилт бүхий төслийн хамтарсан консорциумд Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, 2 их сургуулийг хамтран оролцохыг урьсны дагуу холбогдох мэдээлэл, бичиг баримтыг явуулан, хамтран ажиллахаар болсон билээ.

Эрасмус плас төслийн гүйцэтгэх хороо /EACEA/-нд нийт 736 төслийн санал ирснээс 147 төслийг санхүүжүүлэхээр сонгосны дотор Армян, Казакстан, Монгол, Украйн улсуудын хамтарсан C3QA төсөл сонгогдон, нийт 888.433.33 еврогийн санхүүжилт олгогдохоор 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр гэрээ хийгдсэн. Төсөлд Армян, Монгол, Казакстан, Украйн улсуудын Боловсрол, шинжлэх ухааны яам, дээд боловсролын чанарын баталгаажууллын байгууллагууд, судалгааны их сургуулиудаас гадна Испани, Франц, Польш улсуудын их сургуулиуд зэрэг нийт 21 байгууллага нэг баг болон хамтран ажиллахаар тохиролцсон.

Төсөл нийт 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд төсөлд оролцогч улс тус бүр өөрийн нөхцөл байдлын үнэлгээ хийж, улмаар докторын төвшний хөтөлбөрт чиглэсэн үндэсний бодлогыг тодорхойлж, үүнд нийцсэн чанарын баталгаажууллын бодлого, журам, шалгуурыг боловсруулах юм. Мөн сонгогдсон их сургуулиуд дээр дотоод чанарын баталгаажууллын тогтолцоог хөгжүүлэн, шинэчилсэн бодлого, журам, шалгуурын дагуу сонгосон докторын төвшний сургалтын хөтөлбөрийг туршилтаар магадлан итгэмжлэнэ.

Төслийн зорилго ба зорилтууд:

Төслийн ерөнхий зорилго докторын төвшин (cycle 3 program)-ийн сургалтын хөтөлбөрийг интернациональчлахад чиглэсэн оновчтой, үр өгөөжтэй чанарын баталгаажууллын тогтолцоог бий болгон, туршин ажиллуулах замаар Армян, Казакстан, Монгол, Украйн улсуудад мэдлэгт суурилсан нийгмийг бий болгоход хувь нэмэр оруулахад оршино. Төсөл дараах зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Европын интеграцитай уялдуулан докторын төвшний сургалтын хөтөлбөрүүдэд чиглэсэн үндэсний бодлогын хүрээг боловсруулан шинэчлэнэ.
  • Докторын төвшний сургалтын хөтөлбөрийн дотоод болон хөндлөнгийн чанарын баталгаажууллын тогтолцоог үр өгөөжтэйгээр ажиллуулах тогтолцооны чадавхийг бэхжүүлнэ.
  • Докторын төвшний сургалтын хөтөлбөрийн чанарыг дэмжих дотоод болон хөндлөнгийн чанарын баталгаажууллын тогтолцоог хөгжүүлнэ.
  • Гол оролцогч талуудын идэвхи зүтгэл болон бүс нутаг дамнасан хамтын ажиллагаанд үндэслэн докторын төвшний сургалтын хөтөлбөрийн интерьнациональчлалыг дэмжинэ.

Хийгдэх үндсэн ажлууд:

C3QA төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг дараах байдлаар багцлан хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Чадавхи бэхжүүлэх
  • Докторын төвшний хөтөлбөрт чиглэсэн үндэсний бодлого, журмыг шинэчлэх
  • Докторын төвшний хөтөлбөрт тавигдах дотоод болон хөндлөнгийн чанарын баталгаажууллын шалгуурыг боловсруулах
  • Шинэчлэн боловсруулсан шалгуур үзүүлэлтээр туршилтын магадлан итгэмжлэлийг явуулах
  • Төслийн хэрэгжилт, үр дүнд чанарын мониторинг хийх
  • Төслийн үр дүн, өгөөжийг сурталчлах, мэдээлэх

Дэлгэрэнгүй мэдээллийг http://c3-qa.com/ хаягаар орж үзнэ үү.

Консорциумын хамтрагч байгууллагууд

Улс

Байгууллагын төрөл

ДББ

Чанарын баталгаажууллын байгууллага

Төрийн байгууллага

1

Армени

Армян дах Францын их сургууль

Ереваны дүрслэх урлагийн их сургууль

Ереваны улсын их сургууль

Мэргэжлийн боловсролын чанарын баталгаажууллын үндэсний төв

(ANQA)

Боловсрол, шинжлэх ухааны яам

2

Казакстан

М.Аузовын нэрэмжит өмнөд Казакстаны их сургууль

Казакын хүмүүнлэг, хуулийн их сургууль

Боловсролын чанарын баталгаажууллын бие даасан агентлаг (IQAA)

Боловсрол, шинжлэх ухааны яам

3

Украйн

Киевийн Худалдаа, эдийн засгийн үндэсний их сургууль

Каркивын нэрэмжит Эдийн засгийн үндэсний их сургууль

Боловсрол, шинжлэх ухааны яам

4

Монгол

Монгол улсын их сургууль

Отгонтэнгэр их сургууль

БМИҮЗ

БСШУСЯ

5

Франц

Жеан Моулин Лион их сургууль

Аувергени их сургууль

Дээд боловсрол, судалгааны үнэлгээний дээд зөвлөл

6

Испани

Алкала их сургууль

7

Польш

Жана Кочановски их сургууль

Оролцогч талуудын үүргийн хуваарилалт

Багц

Нэр

Ажлын төрөл

Хариуцах/удирдах байгууллага

WP 1

Чадавхи бэхжүүлэх

Бэлтгэл ажил

HCERES

WP 2

Армян, Казакстан, Монгол, Украйн улсуудад хэрэгжиж буй докторын төвшний сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажууллын үндэсний бодлогыг боловсруулах, шинэчлэх

Бэлтгэл ажил

Universidad de Alcalá

WP 3

Докторын төвшний сургалтын хөтөлбөрийн хөндлөнгийн болон дотоод чанарын баталгаажууллын тогтолцоог хөгжүүлэх

Бэлтгэл ажил

University of Auvergne/University Lyon 3

WP 4

Докторын төвшний сургалтын хөтөлбөрт туршилтын магадлан итгэмжлэл хийх

Боловсруулах үе шат

Армян, Казакстан, Монгол, Украйн улсуудын ХЧБ-ын байгууллагууд

WP 5

Чанарын хяналт, мониторинг

Чанарын төлөвлөгөө

UFAR

WP 6

Түгээн дэлгэрүүлэх

Түгээн дэлгэрүүлэх, хэрэглэх үйл ажиллагаа

UFAR

WP 7

Тогтвортой байдлыг хангах

Түгээн дэлгэрүүлэх, хэрэглэх үйл ажиллагаа

Армян, Казакстан, Монгол, Украйн улсуудын Боловсрол, шинжлэх ухааны яамдууд болон ЧБ-ын байгууллагууд

WP 8

Төслийн удирдлага

Менежментийн үйл ажиллагаа

UFAR


******************************************************************************************************************



Зураг. Монголын төслийн баг. 2017-07-05

“Европын интеграцитай уялдуулан докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх замаар судалгааны интернациональчлалыг дэмжих” Erasmus+(C3QA) төслийн хүрээнд хийсэн эхний ажил нь W1: Чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаа байсан бөгөөд энэ хүрээнд БСШУСЯ, БМИҮЗ, МУИС, ОТИС-ийн баг хамтран 2017 оны эхний улиралд нөхцөл байдлын шинжилгээг хамтран хийж нэгдсэн тайлангаа http://c3-qa.com/ сайтад байршуулсан (тайланг бүрэн эхээр хавсралтаас үзнэ үү).

Нөхцөл байдлын шинжилгээний тайлан нь дараах 4 бүлэгтэй. Үүнд:

  • Монгол улсын дээд боловсрол ба эрдэм судлалын тойм
    • Дээд боловсролын тогтолцоо
    • Дээд боловсролын болон чанарын баталгаажуулалтын хууль эрх зүйн зохицуулалт
    • Докторын сургалтын талаар баримтлах үндэсний бодлого, дэмжлэг
    • Европын зарчим, стандарт, зөвлөмжүүдтэй нийцтэй байдал
  • Докторын сургалтын ерөнхий төлөв
    • Докторын хөтөлбөрийн хэрэгжилт
    • Суралцагчид ба төгсөгчид
    • Докторын сургалтын дотоод ба хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын механизмууд
      • Дотоод чанарын баталгаажуулалт
      • Хөндлөнгийн чанарын баталгаажуулалт
  • Докторын сургалт ба түүнийн чанарын баталгаажуулалтанд тулгамдаж буй асуудлууд
    • Үндэсний бодлогын түвшинд
    • Дээд боловсролын сургалтын байгууллагуудад
    • Нийгэм, эдийн засгийн орчинд
  • Сайн туршлага, жишээ
    • Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл
    • Хөтөлбөрийн шинэчлэл

Төсөлд хамрагдсан 4 улсын нөхцөл байдлын судалгаа болон Испани, Франц, Польш улсуудын туршлагыг хэлэлцэн төслийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалт-семинар 2017 оны 7 сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд Украйны нийслэл Киев хотноо зохион байгуулагдлаа.

Украйны баг хариуцан, Киевын худалдаа, эдийн засгийн үндэсний их сургууль (Kyiv National University of Trade and Economics) дээр зохион байгуулсан сургалтанд 7 орны 21 байгууллагын 57 хүн оролцов.

Төслийн баг Монгол улсын хувьд докторын түвшиний сургалтын нөхцөл байдлын талаар танилцуулж, мөн Армени, Украйн, Казакстан, Испани, Франц, Польшийн илтгэлүүдийг сонсч хэлэлцүүлсний зэрэгцээ бусад орны төлөөллүүдтай баг болон ажиллаж, дараах асуудлуудаар мэдлэг, туршлагаа солилцлоо. Тухайлбал:

  • Докторын хөтөлбөрт ямар ур чадвар, чадамжийг олгодог вэ? Тэдгээр нь хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нийцдэг вэ?
  • Докторт суралцагчдыг хэрхэн дагалдуулж, судалгааны ур чадварыг хөгжүүлж, дисертацийн хамгаалалтанд бэлтгэдэг вэ?
  • Докторын сургалтанд сургалт ба судалгаанд суурилсан хандлагыг хэрхэн хослуулдаг вэ? Сургалт судалгаа, шинжлэх ухааны нэгдмэл байдлыг хэрхэн хангадаг вэ?
  • Докторын сургалт, суралцагчдыг хэрхэн дэмжиж, урамшуулдаг вэ?
  • Докторын сургалтыг хэрхэн үнэлж, хянаж дүгнэдэг вэ?

Монгол, Армени, Украйн, Казакстан улсын нөхцөл байдлын судалгааг хэлэлцэх явцаас үзэхэд докторын сургалтын зохион байгуулалт, хэрэгжилтийн хувьд улс орнууд ижил төстэй боловч харилцан суралцах өвөрмөц туршлагатай, харин чанарын баталгаажуулалтын хувьд харилцан адилгүй байлаа. Европын интеграцийн хүрээнд олж авсан өөрсдийн туршлагаа танилцуулсан Испани, Франц, Польш улсуудын хувьд нийтлэг зарчим хандлага тогтсон байна. Ийм учраас эдгээр улс орнуудын төлөөллүүд сургалт-семинарт оролцогчдын үзэл бодол, дүгнэлт, санал хүсэлтийг нэгтгэн зөвлөмж, гарын авлага бэлтгэх, ба дараагийн сургалт-семинарыг хариуцан Испанийн Мадрид хотноо Алкала их сургууль дээр зохион байгуулж, хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын үйл явцад төвлөрөн хийхээр болов.

Монгол, Казакстан улсын төслийн баг нь нөхцөл байдлын судалгааг хамтран хийж, нэгтгэн тайлагнасныг оролцогчид сайшаасан бол Армени, Украйн улсын багийн бүрэлдэхүүн тус бүр бие даасан тайлан танилцуулсан учраас нөхцөл байдлын судалгааг тухайн улс орнуудын Чанарын баталгаажуулалтын байгууллагууд тайланг нэгтгэн сайжруулах нь зүйтэй гэж төсөл хэрэгжүүлэгчид санал болгосон. Гэвч энэхүү сургалт семинараас олж авсан шинэ мэдээлэл, арга зүйг ашиглан нөхцөл байдлын судалгааг сайжруулах нь зүйтэй бөгөөд үүнийг БМИҮЗ-ийн баг хариуцаж ажиллах болов.

Сургалт-семинарын төгсгөлд Erasmus+ С3QA төслийн зохицуулагч Arayik NAVOYAN цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, харилцан ярилцав. Үйл ажиллагааны төлөвлөгөө, хуваарийн дагуу БСШУСЯ-ны баг бодлогын түвшинд хийх өөрчлөлт шинэчлэлтийн талаар, МУИС, ОТИС-ийн баг дотоод чанарын баталгаажуулалтын бүтэц, журмыг боловсруулах, БМИҮЗ-ийн баг докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуурыг боловсруулах чиг үүргийг тус тус хариуцан төслийн багийн үйл ажиллагааг тогтмолжуулах талаар санал нэгдлээ.

Тайлан бичсэн:

Ажлын албаны захирал Ж.Болормаа

Ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг

Мэргэжилтэн Ц.Батбаяр