Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл/CHEA/

Колончлолын үед Харвард, Виллиам & Мэри, Еали коллежууд нь дэргэдэх сүмийн үйл ажиллагаа, дэмжлэгт тулгуурлан иргэдэд анх дээд боловсрол олгож эхэлжээ. Эдгээр сургуулиуд нь Аристотелийн философийн ухаан, сонгодог уран зохиол, хэл, эх дэлхийн гүн ухаанд суурилсан мэдлэгийг оюутнууддаа эзэмшүүлж эртний түүхт уран барилгуудад хичээллэдэг байсан гэнэ.

XVIII дугаар зууны сүүлчээр АНУ тусгаар тогтнолоо олон, бие даасан мужууд өөрсдийн иргэддээ боловсрол олгох хэрэгцээнд тулгуурлан их, дээд сургууль, коллежууд борооны дараах мөөг шиг олширсон. Их, дээд сургууль, коллежууд олшрохын хэрээр тэдгээрийн чанарт тавигдах шаардлага улам ихсэж, чанарын хөндлөнгийн үнэлгээ хийх гуравдагч этгээд буюу магадлан итгэмжлэлийн байгууллагууд үүсгэн байгуулагдсан билээ. АНУ-ын өргөн уудам газар нутаг, сургалтын байгууллагуудын өвөрмөц онцлог, муж тус бүрийн хууль тогтоомж харилцан адилгүй байдгаас олон тооны магадлан итгэмжлэлийн байгууллагууд, өөр өөр мэргэжлийн хөтөлбөрүүд болон мужийнхаа онцлогт тааруулан магадлан итгэмжлэл хийж эхэлсэн. Жишээ нь, манай Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль магадлан итгэмжлэл хийлгэхээр бэлтгэж байгаа ACBSP /Бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн холбоо/ -нь зөвхөн бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг сургуулиуд болон тухайн бизнесийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилдэг билээ. Үүнтэй адил инженер, эдийн засаг, эрүүл мэнд, хуулийн чиглэлээр мөн Католик сургуулиуд, нутгийн иргэдийн сурдаг алслагдсан мужуудын сургуулиуд зэргийг тус тус магадлан итгэмжилдэг олон байгууллагуудтай болсон. Одоогийн байдлаар АНУ-д Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэлийн 86 байгууллага хөтөлбөрийн болон байгууллагын магадлан итгэмжлэл хийн, үйл ажиллагаа явуулж байна. Магадлан итгэмжлэлийн эдгээр 86 байгууллагыг CHEA /төрийн бус/, USDE /төрийн/ гэсэн 2 том байгууллага хянаж, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь олгож бүхий үйл ажиллагаанд нь хяналт тавьж, нэгдсэн стандартуудыг нь тодорхойлж байдаг. CHEA, USDE - ээр магадлан итгэмжлэгдээгүй олон тооны хувийн магадлан итгэмжлэлийн байгууллагууд байдаг ба эдгээрээр магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөгүй гэдгийг анхаарах нь зүйтэй.

CHEA буюу Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл нь Их дээд сургуулийн ерөнхийлөгчид болон төр олон нийтийн төлөөллөөс бүрдсэн 20 хүнтэй удирдах зөвлөлтэй, 60 гаруй магадлан итгэмжлэлийн байгууллагуудыг гишүүнээр нэгтгэсэн, нийт 3000 гаруй сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилсэн АНУ –ын дээд боловсролын чанарын баталагаажуулалтанд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа томоохон төрийн бус байгууллага билээ. 2010 оны 6 дугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын урилгаар CHEA-ийн ерөнхийлөгч Judith Newton манай улсад айлчлан БМИҮЗ, Санхүү, эдийн засгийн дээд сургуулвтай хамтран “Олон улсын магадлан итгэмжлэл” сэдэвт семинар, сургалт зохион байгуулсан билээ. CHEA-ийн гол зорилго нь сургалтын чанарыг сайжруулах, хариуцлагыг таниулах, сургуулиуд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээгээ сайжруулан, шаардлагатай өөрчлөлтүүдийг зоригтойгоор төлөвлөн хийхийг дэмжих, шийдвэр гаргахад шудрага, тохиромжтой арга барилыг хэрэглэх, магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудын үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, гишүүн байгууллагуудаа магадлан итгэмжлэлийн талаар хангалттай мэдээллээр шуурхай хангахад оршдог. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл 1998 онд байгуулагдахдаа АНУ-ын боловсролын магадлан итгэмжлэлийн тогтолцоог Монгол улсынхаа нөхцөл байдалд нийцүүлэн тодорхой өөрчлөлтүүдийг хийсний үндсэн дээр Монгол улсын магадлан итгэмжлэлд хэрэглэж ирсэн тул АНУ-ын магадлан итгэмжлэлийн үйл явц, урьдчилсан шаардлага, шалгуур үзүүлэлтүүд, стандартад Монголын магадлан итгэмжлэлтэй ижил төстэй талууд нилээн байдаг билээ.

АНУ-д тухайн магадлан итгэмжлүүлэх байгууллага анх хүсэлтээ тавин, магадлан итгэмжлэлийн байгууллагын тогтоосон стандарт, шалгуурын дагуу сургуулийнхаа болон хөтөлбөрийнхөө хэрэгжилтэнд өөрсдөө дотоод үнэлгээ хийснээр магадлан итгэмжлэлийн анхны шат нь эхэлдэг. Дараа нь сургуулийнхаа чанарыг тодорхойлох, бататгах үүднээс суралцагчдаар үнэлгээ хийлгэнэ. Ийнхүү сургууль өөрөө, хэрэглэгч болох оюутнууд сургуульдаа хийсэн үнэлгээг магадлан итгэмжлэлийн байгууллага нь нягтлан судалсны үндсэн дээр магадлан итгэмжлэнэ, нөхцөлтэйгээр магадлан итгэмжлэнэ, магадлан итгэмжлэхгүй гэсэн 3 шийдвэрийн нэгийг гаргадаг.

Магадлан итгэмжлэлийн байгууллагуудыг хянадаг 2 дахь томоохон байгууллага нь USDE буюу Америкийн Нэгдсэн Улсын Боловсролын Салбар билээ. Дээрхи магадлан итгэмжлэлийн 86 байгууллагуудаас нийт 59 нь USDE ээр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг ба үүнд CHEA, USDE –ээр хоёулангаар нь хүлээн зөвшөөрөгдсөн нийт 43 байгууллага байдаг. USDE-нь дан ганц магадлан итгэмжлэл бус, Америкийн Нэгдсэн Улсын Боловсролын салбарын бүхий л үйл ажиллагааг хариуцдаг, төрийн томоохон багууллага билээ. CHEA, USDE-ийн гишүүн байгууллагууддаа үзүүлдэг үйлчилгээ, тэдгээрийг үнэлэх аргачлал, ашиг тус нь ондоо байдаг учраас нийт 43 магадлан итгэмжлэлийн байгууллага эдгээр хоёр байгууллагад давхар бүртгэлтэй, хоёуланд нь хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Энэхүү хоёр байгууллагын хамгийн том ялгаа нь гэвэл, зөвхөн USDE-д бүртгэлтэй магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлуулсан сургууль, сургалтын хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнууд АНУ-ын төрийн зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжинд хамрагдах эрхтэй байдагт оршино. АНУ дотооддоо дээд боловсролын чанарыг ийнхүү шат дараалалтай хянаж, чанарын нарийвчилсан тогтолцоотой байдаг бол, АНУ-д шилжин болон дэвшин суралцах хүсэлтэй ирж буй гадаадын оюутнуудын боловсролын баримт бичгүүдийг хянаж АНУ-ын боловсролын чанарт нийцэж байгаа эсэхийг дүйцүүлэн үнэлдэг 20 гаруй байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр бие даасан 20 байгууллагаас гадна нэр хүнд бүхий их, дээд сургуулиуд өөрсдийн гэсэн үнэлгээний системтэй, гадаадын оюутнуудын материалуудыг үнэлдэг өөрсдийн тусгай хэлтэстэй байдаг. Бие даасан эдгээр 20 байгууллага нь NACE / Кредит үнэлгээний үйлчилгээний үндэсний нийгэмлэг/-ээр хүлээн зөвшөөрөгдсөн ба энэхүү байгууллагынхаа байнгын гишүүнд бүртгэлтэй байдаг.

NACE нь АНУ-аас бусад орны боловсролын бичиг баримтыг нягтлан үнэлдэг дээрхи 20 гаруй байгууллагаар нэгдсэн стандарт, шалгуур, чанарын үнэлгээний нэгдсэн системийг мөрдүүлж эдгээр байгууллагын үйл ажиллагааг хөндлөнгөөс хянаж хариуцлага тооцож байх үүрэгтэй. NACE нь анх 1987 онд байгуулагдсан, эдүгээ төрийн ямар ч оролцоогүй дан ганц гишүүнчлэлийн хураамжаар өөрсдийн үйл ажиллагаагаа бүрэн санхүүжүүлдэг, чанарын баталгаажуулалтын дээрхи 20 байгууллагуудын үйл ажиллагааг зангидаж байдаг нэр хүнд бүхий байгууллага юм.