Олон улсын чанарын групп /CIQG/

БМИҮЗ ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН ГРУППЭД /CIQG/ ГИШҮҮНЭЭР ЭЛСЭВ

АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэх зөвлөл /CHEA/ нь дээд боловсролын магадлан итгэмжлэлийн албан ёсны байгууллагуудаар дамжуулан боловсролын чанарыг дээшлүүлж, магадлан итгэмжлэлээр өөрийн үйл ажиллагааны түвшинг ахиулахыг хүсч байгаа оюутнууд, эцэг эхчүүд, коллеж, их дээд сургуулиуд, спонсор талууд, Засгийн газар болон тэдгээрийн хамт олны эрх ашгийн төлөө үйлчилдэг төрийн бус байгууллага билээ. Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл /БМИҮЗ/ байгуулагдсан цагаасаа эхлэн CHEA-тай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын нэр хүндтэй их дээд сургуулиуд CHEA-аар магадлан итгэмжлэгдсэн АНУ-ын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар магадлан итгэмжлэгдэж эхлэхэд хоёр байгууллагын хамтын ажиллагаа нэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

CHEA нь Их дээд сургууль, коллеж, магадлан итгэмжлэлийн байгууллагууд болон дээд боловсролын чанарыг олон улсын түвшинд хүргэх, мөн боловсролын чанарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүрэг бүхий байгууллагуудыг нэгтгэн CHEA-ийн Олон Улсын Чанарын Групп (CIQG)-ийг 2012 онд үүсгэн байгуулж 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. CIQG нь боловсролын чанарыг дээшлүүлэх, стандартыг шинэчлэн ахиулах, чадавхиа дээшлүүлэх өргөн хүрээтэй асуудлаар боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах, чанарын баталгаажуулалтын асуудлаар олон улсын түвшинд нэгдсэн ойлголтод хүрч түгээн дэлгэрүүлэх, судалгаа шинжилгээ хийх болон боловсролын салбарын бодлого боловсруулахад удирдамж өгөх үндсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

CIQG-аар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрийн гишүүн орон, байгууллагууд мэдээлэл, туршлага, нөөц баялаг, мэдлэгээ солилцох мөн боловсролын чанарт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хуурамч боловсролын баримт бичгийг хянах, түүний эсрэг дорвитой арга хэмжээ авах зэргээр хамтран ажиллах бүрэн боломжтой болно. 2013 оны 1 дүгээр сарын 28- 2 дугаар сарын 1-ны хооронд АНУ-ын Вашингтон хотноо CHEA –ийн жилийн нэгдсэн хуралдаан болов. Энэ арга хэмжээний бүтэн 2 өдрийг нь шинээр үүсгэн байгуулагдаж байгаа CIQG-ийн хэтийн төлөв, ажилын төлөвлөгөө болон зорилго зорилтыг танилцуулан гишүүн байгууллагуудын төлөөллийг хооронд нь танилцуулахад зориулж албан ёсны нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээнд БМИҮЗ-ийн төлөөлөл оролцож CIQG-д гишүүнээр элсэх БМИҮЗ-ийн албан ёсны хүсэлтийг хүлээлгэн өгөв. Ийнхүү бид АНУ-ын боловсролын салбарт нэр хүндтэй CHEA-ын үүсгэн байгуулсан CIQG –ийн гишүүнээр элсэн орж, цаашид Монгол Улсын дээд боловсролын чанарыг АНУ-ын жишигт хүргэх зорилтыг шийдвэрлэхэд нэг томхон алхам хийв.