Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн Техникийн боловсролын ажилтны коллеги/CPSC/

Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн Техникийн боловсролын ажилтны коллеги Коломбогийн төлөвлөгөөний хүрээнд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хүний нөөцийн хөгжлийг сайжруулах, гишүүн орнуудынхаа техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын (ТБМС) тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлэх зорилгоор CPSC буюу Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн Техникийн боловсролын ажилтны коллеги нэртэй олон улсын байгууллагыг 1974 онд байгуулжээ. 

Өдгөө CPSC нь бүсийн 19 орныг жинхэнэ гишүүнээр эгнээндээ нэгтгэж, техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын чанарыг сайжруулж, дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, мэргэжил мэргэшлийг нь харилцан хүлээн зөвшөөрөх үйлсэд хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байна. 

CPSC-ийн жинхэнэ гишүүн орнууд: Афганистан Япон Непал Бангладеш Солонгос Пакистан Бутан Малайз Папуа Шинэ Гвиней Фижи Мальдив Филиппин Энэтхэг Мянмар Сингапур Индонези Монгол Шри Ланка Иран Манай Улс 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр CPSC-д жинхэнэ гишүүнээр элсэж, хоёр тал хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн билээ. 

CPSC-ийн Удирдах Зөвлөл нь Филиппин Улсын Манила хотод 2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хуралдсан 80 дахь хуралдаанаараа Монгол Улсын Засгийн Газрыг CPSC-ийн жинхэнэ гишүүнээр батламжилсан юм. Ийнхүү Монгол Улс CPSC-ийн 19 дэх шинхэнэ гишүүн болж, Ази, Номхон далайн бүсийн орнуудын хүний нөөцийн хөгжлийн засгийн газар хоорондын хүчирхэг байгууллагуудын эгнээнд бүл нэмсэн. Энэхүү гишүүнчлэлийн хүрээнд Монгол Улс нь технологи шилжүүлэх, мэдлэг солилцох таатай нөхцөлийг бүрдүүлэх, бүсийн хэмжээнд ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөнийг идэвхжүүлэхэд шаардлагатай ур чадвар, хөтөлбөрүүдийг уялдуулан төгөлдөржүүлэх болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн системийг байгуулахад чиглэсэн CPSC-ийн хөтөлбөр, төсөл ба зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон. 

CPSC-ийн Ерөнхий захирал доктор Мэн Гон Пак, CPSC-ийн Удирдах зөвлөл Монгол улсын гишүүнчлэлийг дэмжиж, батламжлах эерэг шийдвэр гаргасан нь CPSC-ийг өргөжин цэцэглэж байгаа байгууллагынх нь хувьд бүрэн дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн шийдвэр боллоо гэж онцлон тэмдэглэжээ. 

CPSC-ийн дэргэдэх Ази, Номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс, Монгол Улсын Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хамтын ажиллагааны санамж бичигт CPSC-ийн Ерөнхий захирал ноён. Мэн Гон Пак, БМИҮЗ-ийн Гүйцэтгэх захирал В.Алзахгүй нар гарын үсэг зурж, хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан. Манай улс энэхүү байгууллагын жинхэнэ гишүүн болсноор манай орны мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын чанарын ахиц дэвшил гарч, улмаар мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрүүд бүс нутаг болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх, бэлтгэгдэн гарч байгаа мэргэжилтнүүд олон улсын хөдөлмөрийн зах зээл дээр эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжийг нээж өгснөөрөө өндөр ач холбогдолтой юм.