Холбоо барих

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ


БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Сургалтын байгууллага, суралцагч, дэмжигч байгууллага, төр ба олон нийт, ажил олгогчдын оролцоонд тулгуурлан боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулан Монгол Улсын боловсролын үнэлэмж, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг олон улсын түвшинд бэхжүүлэх.


БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Бүс нутгийн болон Олон улсын жишигт нийцсэн боловсролын чанарын баталгаажуулалтын байгууллага болох.


Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 6 дугаар сарын 13-нд баталсан Боловсролын тухай багц хуулинд анх удаа боловсролын магадлан итгэмжлэлийн эрх зүйн үндэс тусгагдсанаар магадлан итгэмжлэх байгууллага үүсэн бүрэлдэх суурь бий болсон.

Монгол улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм” батлагдаж, Гэгээрлийн сайдын 1998 оны 24 дүгээр тушаалаар Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийг байгуулж, магадлан итгэмжлэлийн үндсэн баримт бичгүүд батлагдаж, 1998 оны 10 дугаар сард Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын алба байгуулагдсан бөгөөд БСШУ-ны сайдын 2004 оны 59 тоот тушаалаар байгууллагын нэр өөрчлөгдөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болсон түүхтэй.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь 9 гишүүнтэй Удирдах зөвлөл, 13 гишүүнтэй Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн комисс, 11 гишүүнтэй Мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэлийн комисс, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд үнэлэлт дүгнэлт өгөх 10 мэргэжлийн зөвлөл, Ажлын албаны 15 мэргэжилтэн, 500 гаруй мэргэшсэн шинжээчтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.


БИДНИЙ ЧИГ ҮҮРЭГ

1. Дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх

2. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх

3. Шинэ хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэл хийх

4. Их дээд сургуулийн ангилал тогтооход дүгнэлт гаргах

5. Гадаадын болон дотоодын магадлан итгэмжлэлийн байгууллагыг бүртгэн үйл ажиллагааг нь зохицуулах

6. Шинжээчдийг сонгон шалгаруулж, бэлтгэх

7. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар олон нийтийг мэдээллээр хангах

8. Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийг олон нийтэд сурталчлан таниулах


МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ гэдэг нь БМИҮЗ-өөс тогтоосон шалгуур, шаардлага /стандарт/-ыг хэрхэн хангаж байгаадаа өөрийн үнэлгээ хийсэн боловсролын байгууллага, хөтөлбөрийн үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд бие даасан, хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь боловсролын байгууллагын магадлан итгэмжлэл, боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, шинээр нээх сургалтын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл гэсэн үндсэн 3 хэлбэрээр явагдана.

Байгууллагын магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын байгууллага Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага/стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага/стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.

Урьдчилсан магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын байгууллагын шинээр нээх сургалтын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага/стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм.


БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТҮҮХЭН ТОВЧОО

1995 он: Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 6 дугаар сарын 13-нд баталсан Боловсролын
тухай багц хуулинд анх удаа боловсролын магадлан итгэмжлэлийн эрх зүйн үндсийг тусгасан байна. Энэ нь магадлан итгэмжлэх байгууллага үүсэн бүрэлдэх эрх зүйн суурь болсон.


1997 он: Монгол улсын Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 240
дугаар тогтоолоор “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг батласан.


1998 он: Гэгээрлийн сайдын 1998 оны 24 дүгээр тушаалаар Дээд боловсролын магадлан
итгэмжлэх үндэсний зөвлөлийг байгуулж, магадлан итгэмжлэлийн үндсэн баримт
бичгүүд батлагдсан. 1998 оны 10 дугаар сард Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ажлын алба байгуулагдсан.


1999 он: Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх баримт бичгүүд
батлагдсан. Их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэлд хамруулах ажил эрчимтэй явагдаж анхны сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн. Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ (INQAAHE)-нд гишүүнээр элссэн.


2002 он: Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 2002 онд http://www.accmon.mn цахим хуудсыг ажлуулж эхэлсэн. Боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн баримт бичгүүд батлагдсан. Анхны 6 мэргэжлийн зөвлөл байгуулагдсан.


2003 он: Монгол улсын Засгийн газрын 2003 оны 276 тоот тогтоолоор “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм” шинэчлэн батлагдсан. Дээд боловсролын сургалтын байгууллагын хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэлийн баримт бичгүүд батлагдсан.


2004 он: Дээд боловсролын сургалтын байгууллагын хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаа эхэлсэн. БСШУ-ны сайдын 2004 оны 59 тоот тушаалаар байгууллагын нэр өөрчлөгдсөн. Анхны бакалаврын болон магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг магадлан итгэмжлэх баримт бичгүүд батлагдсан. Ази, номхон далайн орнуудын чанарын сүлжээ (APQN)-нд гишүүнээр элссэн.


2005 он: Монгол улсын Засгийн газар Ази, Номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн Техникийн боловсролын ажилтны коллеги (CPSC) -ийн жинхэнэ гишүүн болсон. Ази, Номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс (APACC)-той хамтран ажиллах гэрээ байгуулсан.


2007 он: Дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх баримт бичгүүд шинэчлэн батлагдсан.


2009 он: Боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн баримт
бичгүүд шинэчлэн батлагдсан. Магадлан итгэмжлэгдсэн дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд чанарын аудит хийх баримт бичиг батлагдсан.


2010 он: Чанарын аудит хийх үйл ажиллагаа эхэлсэн. Нийгмийн ухаан, Байгалийн ухаан, Хүмүүнлэгийн ухаан, Физик, математик, геофизик, одон орон судлал, цаг уурын мэдээллийн шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Аялал жуулчлал, зочид буудал, Инженер, технологийн чиглэл, Хууль, эрх зүйн чиглэл тус бүрээр хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн зөвлөл тус бүрд хамрагдах мэргэжлийн чиглэл батлагдсан.
Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн зөвлөлд хамрагдах мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн салбарын нэр, индекс батлагдсан. Ерөнхий боловсролын сургуулийг магадлан итгэмжлэх баримт бичгүүд боловсруулсан. “Боловсролын чанарын үнэлгээ” сэтгүүл улирал тутам эрхлэн гаргаж эхэлсэн.


2011 он: Нийгмийн ажилтан, Хөдөө аж ахуй, загас, ойн аж ахуйн чиглэл тус бүрээр хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн зөвлөлд хамрагдах мэргэжлийн чиглэл батлагдсан. Америкийн нэгдсэн улсын Бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн багш нарын бүртгэлийн нэгдсэн сан байгуулах журам батлагдсан.


2012 он: АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэх зөвлөл (CHEA) -ийн Олон улсын чанарын групп (CIQG) –д гишүүнээр элссэн.

АНУ-ын ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн:

1. Санхүү, эдийн засгийн дээд сургууль /2012 оны 6 сард/


2013 он : Монгол улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж
буй “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд МУИС-ийн Хими, хими инженерчлэлийн сургууль, ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургууль тус бүрийн сургалтын хөтөлбөрүүд Америкийн нэгдсэн улсын Инженер, Технологийн магадлан итгэмжлэх зөвлөл (ABET)-өөр магадлан итгэмжлүүлэх анхны алхам хийгдсэн.

АНУ-ын ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн:

1. МУИС-ийн Эдийн засгийн сургууль /2013 оны 6 сард/

2. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль /2013 оны 11 сард/

2014 он: Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Магадлан итгэмжлэлийн олон улсын зөвлөх, Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын байгууллагуудын олон улсын сүлжээ /INQAAHE/-ний дэд ерөнхийлөгч, Армен улсын Чанарын байгууллагын магадлан итгэмжлэх комиссын ерөнхийлөгч, НҮБ-ийн шинжээч Сузанна Караханян, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөх, дээд боловсрол судлаач Р.Бат-Эрдэнэ нар 2013 оны 12 дугаар сараас Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл дээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2014 оны 05 сарыг хүртэл ажиллалаа. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн батлагдаж, анхны хуралдаанаа хийв. Магадлан итгэмжлэлийн төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тушаал батлагдлаа. Монгол улсын 6 сургууль олон улсад магадлан итгэмжлэгдлээ.

АНУ-ын ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн:

1. "Мандах бүртгэл" дээд сургууль /2014 оны 6 сард/

2. "Сан" дээд сургууль /2014 оны 6 сард/

3. "Этүгэн" их сургууль /2014 оны 6 сард/

4. ХААИС –ийн Эдийн засаг бизнесийн сургууль /2014 оны 11 сард/

5. "Сэрүүлэг" дээд сургууль /2014 оны 11 сард/

6. "Идэр" дээд сургууль /2014 оны 11 сард/