UMAP ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ ХАВРЫН ХУРАЛ БОЛЛОО

2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ази-Номхон далайн их, дээд сургуулиудын мобилити (UMAP) холбооны Зөвлөлийн гишүүдийн 2023 оны Хаврын хурал Тайландын Хаант Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацын яаманд зохион байгуулагдлаа. Тус хуралд UMAP холбооны Зөвлөлийн дарга доктор Кристиан Торрес Ортиз Зермено, Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Ажай Патэл, Дэд ерөнхий нарийн бичгийн дарга доктор Рандалл Мартин, Тайландын Хаант Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, инновацын яамны Байнгын нарийн бичгийн дарга доктор, профессор Сирирун Сонсивилай нараас гадна 24 улсын Үндэсний ажлын албаны төлөөлөгчид оролцон, танилцуулга хийж, 9 асуудал хэлэлцэн санал хураалгав. Монгол Улсаас Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн мэргэжилтэн, UMAP холбооны Монгол Улс дахь Үндэсний ажлын албаны зохицуулагч доктор Б.Болор цахимаар оролцож, үйл ажиллагааны тайлан танилцуулав. UMAP холбооны 2023 оны Намрын хурал 10 дугаар сард болно.